Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Сэлэнгэ Ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.
Тодруулбал, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Б, иргэн Ч.У, Д.Б, БНХАУ-ын иргэн Э.Х нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /ТӨХК/-тэй байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2.000.000 ам.доллараас авах зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, төөрөгдөлд оруулж, “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ХК /ТӨХК/-өөс 1.200.258 ам.доллар шилжүүлэн авч, залилсан, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Б нь илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Хэргийг тус шүүх энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.У, БНХАУ-ын иргэн Э.Х нарын гэмт буруугуйд тооцож, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Б, Д.Б нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.Б-ээс гаргасан хохирол төлөх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг есдүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулсан юм.
Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.