Монгол, Австри хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд энэ онд хоёр орны ажил хэргийн уулзалтыг 2-3 удаа зохион байгуулжээ. Хоёр тал өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд “Монгол, Австрийн бизнес форум-2023” Австри улсын Вена хотод “Welcome to Mongolia” уриан дор болсон бол энэ есдүгээр сарын 15-нд бизнес форумыг хоёр орны Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим Элчин сайн яамдтай хамтран хийлээ.
Форумын үеэр хоёр улсын харилцаа эдийн засаг, бизнесийн салбарт өргөжиж буйг тэмдэглэж, хоёр улсын худалдааны эргэлт 2022 онд 43.5 сая ам.долларт хүрснийг мэдээлсэн юм. 2023 оны эхний найман сарын дүн мэдээллээс үзэхэд дээрх тоо ихээхэн хэмжээгээр давж биелэгдэх төлөвтэй байгааг онцолж байна.
Уулзалтад банк, санхүүгийн байгууллага, эм, хүнс, технологийн компаниуд, уул уурхай, ноос, ноолуур, хүнсний үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрдэс баялаг, цахим боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж болон аюулгүй байдлыг сайжруулах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хотыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломж бий.
Монгол-Австрийн ээлжит бизнес форумын үеэр хоёр орны худалдаа, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Монгол-Австрийн Хамтын ажиллагааны зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулаад хоёр улс бизнесийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж дэд бүтэц, эрүүл мэнд, худалдаа, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Монгол Улсаас Австрид малын өлөн гэдэс, давсаг, гүзээ зэрэг МАА-н дайвар бүтээгдэхүүн, гянт болдын хүдэр, баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн, мөн оёмол сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Австри улсаас суудлын машин, хүнд машин механизм, бяслаг аарц, ундаа, лабораторийн төхөөрөмж, эм зэрэг бараа бүтээгдэхүүн импортолж байна.