Монгол Улс болон Европын Холбооны гишүүн Финланд, Польш, Испани, Румын улсын төрийн байгууллагуудын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвийн дор Улаанбаатар хотод чуулж байна. Тодруулбал Испани улсын Хууль зүйн яам, Румын улсын Цахим хөгжлийн газар, Польш болон Финланд улсын Статистикийн хороо болон Үндэсний Статистикийн Хорооны төлөөллүүд өгөгдлийн засаглал, менежментийн хүрээнд туршлага солилцож, санал зөвлөмж хуваалцаж байгаа юм.
Өнгөрсөн тавдугаар сард Үндэсний Статистикийн Хорооноос Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйзэд хандан Европын орнуудын статистикийн байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу тус сургалт, хэлэлцүүлгийг есдүгээр сарын 12-14-нд зохион байгуулж байна.
Өгөгдлийн засаглалыг бэхжүүлэх хүрээнд манай улсад “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг Азийн Хөгжлийн Банкны техник, санхүүгийн тусламжаар хэрэгжүүлж эхэлжээ. “Өгөгдлийн засаглал, менежмент” сургалт, хэлэлцүүлгийн үеэр онцлон ярилцаж буй санал, зөвлөмж нь үндэсний хэмжээний бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахад чухал мэдээлэл болох юм.