Манай улсад гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах, үүнтэй холбоотой аливаа харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс эзэнгүй муур, нохойн асуудал санаа зовоох хэмжээнд хүрээд буй. Золбин буюу гудамжинд амьдардаг тэжээвэр амьтны тоог хязгаарлах чиглэлээр төрөөс дорвитой, үр дүнтэй шийдэл хэрэгжүүлдэггүй, нохой, муур тэжээдэг хүмүүст тодорхой үүрэг хариуцлага ногдуулж, хяналт тавьдаггүй учраас тэд улам олуулаа болсон. “Азтай савар”, “Тэжээвэр амьтны эрхийн төлөө сан” зэрэг цөөн байгууллага тэжээвэр амьтныг асран хамгаалах, эмчлэх, үрчлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төрийн ажлыг өмнөөс нь хийж ирсэн юм. Тэгвэл яг ийм чиглэлээр ажилладаг бас нэг төрийн бус байгууллага манай улсад үүдээ нээгээд хоёр жил болжээ. Энэ бол “Хөөрхөн зулзага” төрийн бус байгууллага.
Тус байгууллага нь эзэнгүй муур, нохойг хамгаалах, үрчлүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг юм байна. Байгуулагдсан цагаасаа хойш 500 гаруй “үйлчлүүлэгч” хүлээн авч, 30 гаруйг нь эзэнтэй болгожээ. Тэд бэртэж гэмтсэн, хүндээр өвдсөн, хаягдсан муур, нохойг асарч, эзэнтэй болгоод зогсохгүй вакцин, үржил хязгаарлах мэс ажиллавар хийлгэдэг аж. Одоогоор тус төвд 170 муур, нохой бий гэнэ.
Нэг муурт вакцин, мэс ажиллавар хийлгэхэд дунджаар 500, нохойнд 800 гаруй мянган төгрөг зарцуулдаг учраас санхүүгийн хувьд хүндээр тусдагийг “Хөөрхөн зулзага”- ынхан онцлов. Үүнээс гадна амьтдын хоол, асаргаа гээд өдөр тутмын үйл ажиллагаанд нь ч багагүй зардал шаарддаг гэлээ. Амьтанд хайртай, тэднийг хамгаалах хүсэлтэй хүмүүс хамт олон, найз нөхдөөрөө тус байгууллагад зочилж, үйл ажиллагааных нь зардалд хандив өгөх боломжтой.