Нийслэлийн зам, талбай явган зорчигчдод ээлгүй. Ачаалал ихтэй уулзварт хүмүүс гэрлэн дохио хүлээн чилтэл зогсоно. Эцэстээ тэвчээр алдарч, улаан гэрлээр зам хөндлөн гүйх нь ч бий. Жолооч нар гарцан дээр машинаа байрлуулж, иргэд түүнийг тойрон гарахаар зүтгэж буй дүр зураг нийтлэг. Үүнээс үүдэн зам, тээврийн осол ихээр гардаг. Өнгөрсөн онд зам, тээврийн ослын улмаас 383 хүн амиа алджээ. Мөн 2432 хүн энэ төрлийн ослын улмаас гэмтэж бэртсэний 1095 нь явган зорчигч. Нийт ослын 70 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Эдгээр тоо нь манайх шиг цөөхөн хүн амтай улсад нэн тэргүүнд анхаарах асуудал нь явган зорчигчийн аюулгүй байдал болсныг илтгэнэ. Нийслэлд явган хүний 200 гаруй гарц байдаг. Үүнээс 40 гаруй нь гэрлэн дохиотой аж. 2018 онд Яармагт явганаар зам хөндлөн гарч яваад 10 хүн осолд өртсөн байдаг. Тэгвэл 2019 онд тухайн замын гарцын гэрэл дохиог удирдах товчлууртай болгосноор дахиж явган зорчигч осолдоогүй байна. Удирддаг товчлуурыг дарснаар 10 секундийн дараа ногоон гэрэл асдаг. Явган зорчигч товчлуур дараагүй үед гэрлэн дохио нь жолооч нарыг саатуулахгүй, чөлөөтэй явах боломж бүрджээ.
Австралид явган хүний гарц нь бас товчлууртай ба үүнийг 50 жилийн турш ашиглаж ирсэн гэнэ. Сүүлийн жилүүдэд илүү боловсронгуй болгож, хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүс ашиглах боломж бүрдүүлсэн бөгөөд гарцын товчлуур нь чичиргээт самбар, зорчих чиглэлийг харуулсан мэдрэгчтэй сумтай аж. Ингэснээр хараа муутай хүмүүс суманд хүрч, аль чиглэлд явах ёстойгоо тодорхойлдог байна. Энэ жишгээр Улаанбаатар хотын явган хүний гарцыг өөрчилбөл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн харилцаанд ороход хялбар болох нь. Үүнээс гадна шатахууны үргүй зардлыг бууруулж, явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг олон давуу талтай.
Мөн гарцын цагаан шугамын хоёр үзүүрт улаан өнгөтэй гэрэл тавьдаг жишиг ч олон улсад байна. Ингэснээр явган зорчигч шөнө, оройн цагаар гарцаар гарах үед улаан гэрэл асаж, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт анхааруулга өгөх юм. Энэ нь гарцаар гарахдаа утсаар ярьдаг хүмүүсийн аюулгүй байдлыг хангадгаараа ач холбогдолтой аж.