Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны нэхэмжлэлтэй Ш.Баярсайхан нарын есөн хүнд холбогдох “Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулах, буруутай албан тушаалтнаас компанид учруулсан хохирлыг гаргуулах” нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцлээ.
Хуралдаанаас компанийн эрх бүхий албан тушаалтан болох Ш.Баярсайхан, А.Шагдарсүрэн, Р.Содном, С.Хосбаяр, А.Норсмаа, Б.Ариунжаргал, Н.Батцацрал, Д.Дашцэдэн, Л.Чулуунбаатар нар нь Компанийн тухай хуульд заасан үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, үндэслэлтэй шийдвэр гаргах, сонирхлын зөрчилтэй хэлцлийн үнийг хуульд заасны дагуу зах зээлийн үнээр тодорхойлох үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэв.
Улмаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Улсын их дэлгүүр” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолуудыг хүчингүй болгон, түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар буруутай албан тушаалтнууд болох хариуцагч тус бүрээс 440 сая төгрөгийг гаргуулж, “Улсын Их дэлгүүр” ХК-д олгохоор магадлалд өөрчлөлт оруулав. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах юм.