Үндэсний баяр наадам зохион байгуулах комиссоос өчигдөр мэдээлэл хийж, бэлтгэл ажлын явц нь 80 хувьтай байгааг дуулгав. Баяр наадмын тасалбар, автомашины зогсоолын зөвшөөрлийг ирэх сарын 1-нд 11.00 цагаас 5-ны өдрийг хүртэл shoppy.mn, e-naadam.mn-ээр борлуулах аж. Долдугаар сарын 11, 12-ны тасалбарыг тусад нь авах боломжтой аж. Сүүдрэвчтэй суудал нь 52 500, сүүдрэвчгүй нь 42 000, машины зөвшөөрөл 21 000 төгрөгийн үнэтэй байх нь. Төв цэнгэлдэх хүрээлэн нь 11 000 үзэгчийн багтаамжтай. Үүнээс 2500-2800 орчим тасалбарыг жуулчдад олгодог байсан бол энэ удаа урьд жилийнхээс 400-гаар нэмжээ. Хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа шүдэлгээний хэсгийг камержуулж, олон нийтэд шууд дамжуулах нь. Автомашины зогсоолын хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох есөн талбайд 6470 тээврийн хэрэгсэл байрлуулахаар төлөвлөсөн байна.
Энэ жилийн нээлтийн үеэр үзэгчдэд шаардлагатай мэдээлэл, тусламж, үйлчилгээг хүргэх виртуал хөтөч болон бодит орчинд хийсвэр элементүүдийг нэмж харуулдаг AR технологи ашиглах гэнэ. Мөн 120 морьтны үзүүлбэр, шинэлэг найруулга бүхий бүжгийг толилуулах юм байна.
Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 630 зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн байна. Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Төв цэнгэлдэх хүрээлэнд, бусад дүүргийнхэн Хүй долоон худагт ажиллах боломжтой гэнэ. Хүнсний худалдаа эрхлэх бол үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн сангийн бүртгэлийн хуудас, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан ажилтнуудын дэвтэр, худалдах бараа, бүтээгдэхүүний зураг зэргийг бүрдүүлэн, “Онлайн бизнесс төв” цахим хуудсаар хүсэлтээ гаргах боломжтой.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн