Төв аймаг дахь Политехник коллежийн гагнуурын ангийн оюутнууд багштайгаа хамтран дахивар цуглуулах найман ширхэг хогийн сав хийжээ. Тодруулбал, Т.Жанчивсүрэн багштай хоёрдугаар ангийн суралцагчид Төв аймгийн 100 жилийн ой, “Цэмцгэр Зуунмод” аянд хувь нэмрээ оруулах зорилгоор “Дэлхийн зөн Монгол” байгууллагад төсөл бичиж, санхүүжилт авснаар уг санаачилгаа амжилттай хэрэгжүүлжээ.
Политехник коллежийн захирал Б.Жаргалмаа энэ талаар “Уг төслийн дараа цөөнгүй албан байгууллага бидэнтэй холбогдож, хогийн сав захиалахаар асуусан. Бид цаашид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулж, ашгаас нь багш, оюутнуудаа цалинжуулах журам батлах төлөвлөгөөтэй. Манай коллежийн гагнуурын ангид охид элсэх нь нэмэгдэж байна. Төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байраар хангагддаг” гэлээ. Оюутнууд хогийн савнуудаа Зуунмод сумын ЗДТГ-т хүлээлгэн өгчээ.
Бэлтгэсэн: Д.Хүслэн