Улсын бүртгэлд байгаа тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарсан ч сүүлийн таван жилийн хугацаанд техникийн үзлэгт оруулаагүйгээс эзэмшигчдэд нь торгууль ногдож байгаа. Тухайн автомашины эзэд Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-д хандан хасуулах хүсэлт гаргаснаар үүнийг шийдэх боломжтой. Автомашин худалдах, худалдан авахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс өмнөх эзэмшигчийн нэр дээр бүртгэл гарч ирдэг. Үүнээс болж худалдсан иргэнд татвар, торгуулийн төлбөр үүсэх эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс энэ оны нэгдүгээр сараас АТҮТ-ийнхөн иргэдийн хүсэлтийг үндэслэн тухайн иргэний ашиглалтаас гарсан автомашиныг бүртгэлээс хасаж эхэлсэн.
Иргэдийн дунд эргэлзээтэй байгаа асуудлыг АТҮТ-ийн мэргэжилтнээс тодруулахад “Тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулсан ч эзэмшигчид нь торгууль хэвээр үлдэнэ. Бүртгэлээс хасуулахаар очихдоо иргэний үнэмлэхээс өөр бичиг баримт шаардахгүй. Орон нутгийн иргэд 21 аймаг дахь манай салбарт хандах боломжтой” гэв. Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл ирэх сарын 1-нд дуусна.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн