Парламент УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа. Ирэх сонгуулиудыг холимог хувилбараар явуулж, нам, эвслийн жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүнийг УИХ-д сонгоно. Жагсаалтаар сонгохтой холбоотойгоор тэдэнд УИХ-д суудал авах саналын босго тавьж буй. Тэрийг нь улс төрийн нам дангаар болон эвсэж оролцохоос эс хамааран санал өгсөн сонгогчдын дөрвөн хувиар тогтоолоо. Эл төслийг анх өргөн барихдаа дангаар оролцсон намд гурав, хоёр нам эвсвэл тав, гурваас дээш нам хамтран оролцвол долоон хувийн босго тавихаар тусгаад байсан юм. Парламентын сүүлийн сонгуулийн дүнгээс харвал эл босгыг МАН, АН хоёр л давахаар байв. Мөн 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулахдаа таван хувийн босго тавьсан бөгөөд үүнийг таван нам давсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, өргөн барьсан төсөл болон өнгөрсөн сонгуулийн аль алинаас нь харахад нам, эвсэлд суудал хуваарилах саналын босго өндөр байсныг багахан бууруулжээ. Гэхдээ энэ нь УИХ-д олон намын төлөөлөл орж ирэхүйц хөшүүрэг байж чадах, эсэх нь эргэлзээтэй.
...Нөгөө талаас дөрвөн хувийн босго давсан нам бүр УИХ-д суудалтай болно гэсэн үг бас биш. Нам, эвслүүд нийт тойргийн талаас илүүд нь нэр дэвшигчээ “илгээх” шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 39-өөс доошгүй хүнийг тойрогт заавал нэр дэвшүүлнэ гэсэн үг...
Нөгөө талаас дөрвөн хувийн босго давсан нам бүр УИХ-д суудалтай болно гэсэн үг бас биш. Нам, эвслүүд нийт тойргийн талаас илүүд нь нэр дэвшигчээ “илгээх” шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 39-өөс доошгүй хүнийг тойрогт заавал нэр дэвшүүлнэ гэсэн үг. Өнгөрсөн сонгуулиар гэхэд Ард түмний нам, Эх орончдын нэгдсэн нам, Ард түмнээ хайрлая нам, Их эв намаас ердөө нэг нэг хүнийг нэр дэвшүүлж байв. Нэр дэвшигчид нь тэдгээр намын дарга. Мөн 2012 онд холимог тогтолцоогоор буюу мажоритараар 48, пропорционалиар 28 гишүүн сонгоход Эх орончдын нэгдсэн нам тойрогт нэг ч хүн нэр дэвшүүлээгүй байх жишээтэй.
ДЭМЖИЖ БУЙ НАМ, ЭВСЛЭЭ ЖАГСААЛТААС СОНГОНО
Сонгогч бид өмнөх шиг тойрогт хуваарилсан мандатын тоогоор нэр дэвшигчдэд санал өгөхөөс гадна дэмжиж буй нам, эвслээ жагсаалтаас сонгоно гэсэн үг. Үндсэндээ санал өгөх зарчим нь 2012 оныхоос өөрчлөгдсөнгүй. Уг нь дээрх төслийг өргөн барьсан анхны хувилбарт нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүст санал өгөхөөр тусгаад байсан юм.
Үүнээс гадна тойрогт нэр дэвшиж байгаа хүн нийт сонгогчийн 28 хувийн дэмжлэг аваагүй бол дахин санал хураана гэсэн АН-ын хувилбар “унав”. Ингэснээр саналаа өгсөн хүмүүсээс хамгийн олон санал авсан нь ялж таарах нь. Үүнтэй холбоотой хэдэн сонирхолтой тоо хэлье. Өнгөрсөн найман удаагийн сонгуулиар хамгийн бага хувиар сонгогдсон хүн нь 2012 онд МАН-аас 22 дугаар тойрог буюу Баянзүрх, Налайх дүүрэгт өрсөлдсөн Д.Арвин агсан аж. Тэрбээр 32 350 хүний саналаар 24.6 хувийн дэмжлэг авчээ. Тухайн үед тус тойргийн нийт сонгогч 206.8 мянга байсан бөгөөд тэдний 63.5 хувь нь саналаа өгсөн байна. Эндээс харвал тэрбээр нийт сонгогчийн 15.6 хувийн саналаар л УИХ-ын гишүүн болсон гэсэн үг. Харин одоогийн парламентад тойргийнхноосоо хамгийн бага санал авч орж ирсэн хүн бол С.Одонтуяа. Тэрбээр Баянгол дүүргийн 27 143 сонгогчийн буюу 26.2 хувийн санал авсан байна. Энэ нь тухайн тойргийн нийт сонгогчийн тавны нэгийнх нь л дэмжлэгийг хүлээсэн хэрэг. Уг нь ийнхүү сонгогчдын ирц жил ирэх тусам буурч байгаа үед саналаа өгсөн хэдээс нь арай ахиу дэмжлэг авсан нэгнийг “ялагч бүхнийг авна” гэх зарчмаар УИХ-ын гишүүн болгож буйгаа эргэж харах цаг болсон. Парламентын мөн чанар болсон “ард түмний төлөөллийн байгууллага” байж чадаж буй, эсэх нь чухал ч ирэх жилийн сонгуулиар илүү санал авсан нь УИХ-ын гишүүнээр сонгогдох “дүрэм” хэвээр үлдлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн энэ тухайд “78 тойрогт нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан нь сонгогдоно. Жагсаалтаар сонгохдоо нам, эвсэлд өгсөн нийт саналаа 48 мандатдаа хуваана. Хоёр сая хүн санал өглөө гэхэд түүнийгээ 48 хуваагаад, 50 мянга орчим санал авсан нам нэг, 200 мянган санал авсан нам дөрвөн суудал гэх мэтээр хуваана” хэмээн тайлбарласан юм.
2028 ОН ХҮРТЭЛ ЮУ Ч БОЛЖ МЭДНЭ
Дээрх төслийн хэлэлцүүлгийн явцад хамгийн их анхаарал татсан сэдэв нь нэр дэвшигчдийн дотор аль нэг хүйсийн эзлэх хувийг хэдээр тогтоох вэ гэдэг байв. “Эмэгтэйчүүдийн квот” гэж яриад байгаа эл зохицуулалтыг МАН-ын гишүүдийн боловсруулсан төсөлд 30, АН-ынхныхад 40-өөс доошгүй байхаар тусгасан ч 2024 оны сонгуулиар 30 хувь байхаар тогтлоо. Мөн 2028 оноос үүнийг 40-өөс доошгүй хувьд хүргэнэ гэх заалт оруулан баталсан юм. Гэхдээ тэр үед үүнийг өөрчилж, бууруулахгүй гэх баталгаа үгүй. Юутай ч 30 хувийн квотыг манай улс гурав дахиа хуульчиллаа. 2005, 2015 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэхдээ дээрх квотыг 30 хувьд хүргэж баталсан ч хэрэгжүүлээгүй юм. Сүүлийн гурван сонгуулиар 20 хувийн босго үйлчилсэн ч намууд үүнийг тааз гэж ойлгож, хэрэгжүүлж ирсэн нь нууц биш. Юутай ч намууд ирэх сонгуулиар бүх тойрогт нэр дэвшүүллээ гэхэд хамгийн багадаа 38 эмэгтэйг өрсөлдүүлэх үүрэг хүлээлээ. Ингэхдээ жагсаалтаар нэр дэвшигч 48 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэйгээр нь солбин байршуулах ёстой. 2012 онд пропорциональ хувилбараар 28 гишүүн сонгоход МАН жагсаалтдаа 10, АН найман эмэгтэйг л оруулсан түүхтэй. Харамсалтай нь, Ардын намынхны эхний эмэгтэйн нэр жагсаалтын аравдугаарт, АН-ынх долдугаарт байлаа. Бүсгүйчүүдийг ингэж жагсаалтын сүүл рүү “шидэж”, эмэгтэйчүүдийн квотыг хангаж, тоо бөглөх төдий хэрэгсэл гэж үздэг явдлыг халахад энэ зохицуулалт нэлээд нэмэртэй гэж найдна.
СОНГУУЛИЙН ЗАРДАЛ БУУРАХ УУ
Тойрогт нэр дэвшигчдийн сурталчилгааны зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх аж. Мөн хэвлэмэл материалын хэмжээг 50 хувиар багасгав. Өмнө нь нэр дэвшигч зургаан хэвлэлийн хуудас материал тарааж болохоор зохицуулж байсныг гурав болгосон хэрэг. Жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь ч дээрх хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой. Түүнчлэн ухуулагчдын тоог хоёр дахин багасгах нь. Тодруулбал, 200 сонгогч тутам нэг ухуулагч ажиллуулахаар байсныг 400 болгон өөрчлөв. Улмаар ухуулагчид цалин биш, урамшуулал өгч болохоор баталсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан юм. Өмнө нь ингэж тухайлан зааж байсангүй. Анх өргөн барьсан төсөлд уг урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байхаар заасныг хоёр дахин бууруулчихаж. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа. Ирэх жил шинэчилнэ. Сурталчилгааны самбарыг нэгтгэн цэгцэлж, хэвлэмэл материалын хэмжээ болон ухуулагчийн тоог бууруулснаар сонгуулийн зардлыг бууруулна гэж найдаж буй.
Гэхдээ хэдэн ухуулагч ажиллуулсан болон тэдэнд хэдий хэмжээтэй урамшуулал олгосныг нь бүрэн хянаж чаддаггүй. Ер нь сонгуулийн зардлыг бүрэн хянаж, аль нам, хэн гэдэг нэр дэвшигч хэчнээн төгрөг бодитой зарцуулсныг хэлэхэд хэцүү. Төрийн аудитын байгууллага нам, эвслээс ирүүлсэн тайлан, түүнд мэдүүлсэн дүнг нэгтгэх маягтай ажилладаг нь нууц биш. Ямартай ч манай аль ч сонгуульд мөнгө, хөрөнгө шийдвэрлэх хүчин зүйл болж ирснийг үгүйсгэх аргагүй. Иймд хэрэгжилтэд нь хяналт тавихын тулд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгах ёстой болов уу. Өөрөөр хэлбэл, намын санхүүжилтэд тавих хяналтыг сайжруулах заалтууд хүлээгдэж буй билээ.