Цогц хөгжлийн үндэсний төвөөс "126" ТОО БА ЧАНАР - Парламентын төлөөлөх чадавх буюу ардчиллын институтийг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулсан эл хэлэлцүүлгээр МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор Г.Туяагэрэл "Парламентын институтийн төлөөлөх чадвар, чадамж", Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал "Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн оролцоо" сэдвээр тус тус илтгэл тавьсан билээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс цөөнгүй нь иргэдээ сонсдоггүй тойрогтоо очдоггүй, ялангуяа хууль батлахад оролцоо байхгүй, хуралдаа суудаггүй, саналаа хэлдэггүй. Үүнд иргэдийн оролцоо бий. Учир нь иргэд тэднээс хариуцлага нэхдэггүй, хяналтын тогтолцоогоо хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс ТББ-уудыг чадавхжуулах хэрэгтэй. Ер нь улс төрийн намуудын санхүүжилт тодорхойгүй явж ирсэн. Үүнээс шалтгаалаад намдаа хамгийн их хандив өгсөн хүн УИХ-д нэр дэвшдэг гэсэн асуудлыг хөндөж ярилцсан. Тиймээс парламентын гишүүд, тодорхой хэлбэл, 76 гишүүн биднийг төлөөлж чадахгүй, гишүүдийн тоог нэмэх, эсэхийг ард түмэн л гаргах байсан. Хүн амын тоо өссөн нь гишүүдийн тоог нэмэх шалтгаан биш гэх зэрэг сэдвийг тойрч хэлэлцүүлсэн.
Түүнчлэн гишүүд хууль батлахдаа хуулиа зөрчдөг. Тухайлбал хууль санаачилж боловсруулахад зайлшгүй хийх ёстой процесс ажиллагаагаа байнга орхигдуулдаг. Саналын товьёг хагас дутуу хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, иргэдээс ямар санал авч, хэрхэн тусгасан нь тодорхойгүй байдаг тухай мэдээллийг өгсөн билээ. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын гишүүд хуулийн төсөлд санал өгөхөөс нэрээ татах ёстой. Жишээ нь, Боловсролын ерөнхий хуулийн төсөлд Н.Учрал гишүүн хамгийн ихээр оролцож байгаа гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүд хэлж байсан юм.