“Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан аялагчдаас өндөр хураамж авч байна”, “Горхи, Тэрэлж рүү нэвтрэхэд өмнөхөөс хоёр дахин их хураамж төлдөг болж” гэсэн шүүмжлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй. Тэгвэл холбогдох байгууллагууд үүнд тайлбар өглөө. Тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн хэмжээг БОАЖ-ын сайдын тушаалаар өнгөрсөн гуравдугаар сард шинэчлэн тогтоосон бөгөөд хамгаалалтын захиргаад үүнийг баримтлан ажиллаж байгааг мэдээлэв. Дархан цаазат, байгалийн нөөц, дурсгалт, цогцолборт газраас хамаараад хураамжийг ялгаатай тогтоосон нь ийм шүүмжлэл гарах үндэс болсныг ч дурдлаа.
Байгалийн нөөц, дурсгалт, цогцолборт газар, дархан цаазат бүсэд нэвтэрч буй иргэдээс 1000-5000 төгрөг авахаар журамласан бол мотоциклтой зорчигчоос 1000-5000, суудлын автомашинтайгаас 3000-15 000, ачаанаас нь 10 000-50 000, автобуснаас 10 000-120 000, нисдэг тэрэг болон онгоцтой суудлын тооноос хамаараад 60 000-500 000 төгрөг хураахаар тусгажээ. “Монголд тавтай морил” уриалгатай нийцүүлэн тусгай хамгаалалттай газрын тасалбарыг мөн шинэчилсэн байна. Үүнийг хамгаалалтын захиргаад өнөөдрөөс эхлэн ашиглах аж.
Бэлтгэсэн: Н.Мишээл