УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд 68 гишүүн оролцож, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нараас бусад нь буюу 97 хувь нь дэмжсэнээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг батлав.
Тодруулбал, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найрууллаа.
Засгийн газраас өргөн барьсан төсөл дэх “мажоритар” гэдгийг “олныг төлөөлөх”, “пропорциональ” гэдгийг “хувь тэнцүүлэн хуваарилах” гэж нэг мөр ойлгож, хэрэглэхээр тусгасан нь энэ. ТүүнчлэнҮндсэнхуулийнөөрчлөлттэйхамт Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг баталсан юм.
Уг өөрчлөлтийг баталсантай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ бол 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үргэлжлэл. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт олон үр дүн өгөх бөгөөд маргаашаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэж эхэлнэ” гэв. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн өөрчлөлт нэг өгүүлбэр боловч сонгуулийн тогтолцооны реформыг үүгээр хийнэ. Энэ бол шинэ 30 жилийн “тоглоом”-ын дүрэм. УИХ-ын нэг гишүүнд ногдож буй эрх мэдлийн төвлөрлийг ийнхүү задалж байна” хэмээлээ.