УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа. Улмаар Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулав.
Тус хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, “УИХ нь нэг танхимтай байх ба 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулах саналыг хэлэлцэн дэмжсэн юм.
Нэгдсэн чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, үгээ хэлсэн. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 68 гишүүнээс 62 нь буюу гишүүдийн 91.2 хувийн саналаар батлав.
Чуулганы эцэст Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, төр иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд зориуд зохион байгуулалттайгаар халдаж, парламентын ардчиллыг мохоож буй гадаад, дотоодын шунахай бүлэглэлүүдэд тэдний буруу булхайг илчилж байгаа явдал таалагдахгүй байгаа. Монголын төр тэрхүү шударга бусын хариуг өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныхаа нэгэн адил шийдвэртэй үзүүлж, тод томруун харуулах ёстой гэлээ