Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг Ардын намынхан хоёр дахь удаагаа хийж байна. Үнэхээр ч улс төрийн аль нэгэн хүчин үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн үедээ л Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой. Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй буюу багадаа 57 гишүүний саналаар батлах ёстой. 2000 онд “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахад ч МАХН (өнөөгийн МАН) УИХ-д 72 суудалтай байв.
Өдгөө парламентын хэлэлцүүлгийн гуравдугаар шатанд хүрээд буй, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл нь хоёрхон заалттай. Товчхондоо УИХ-ыг 152 гишүүнтэй болгож, талыг нь мажоритар буюу өнгөрсөн хугацаанд тойргоос сонгож ирсэн аргаараа, бусдыг нь пропорциональ хувилбараар сонгоё гэж байгаа. Гэвч өмнөх хэлэлцүүлгийн явцад 152-ыг 126 болгон бууруулж, нэмэгдэх 50 гишүүнийг пропорциональ буюу улс төрийн намын жагсаалтаар сонгоё гэдэгт парламентад суудалтай намууд санал нэгдээд, түүнийгээ танилцуулахаар тойргууд руугаа явцгаасан. УИХ-ын гишүүнийг 126 болгох санал нь өнөөдөр эхлэх гуравдугаар шатны хэлэлцүүлгийн үеэр өөрчлөгдөх, эсэхийг хэлж мэдэхгүй ч ирэх сонгуулийг пропорциональ хувилбар бүхий холимог тогтолцоогоор явуулах нь үндсэндээ тодорхой болчихлоо. Гагцхүү хэдийг нь тойргоос, хэдийг нь намын жагсаалтаар сонгох вэ гэдэгтээ талууд тун удахгүй санал нийлэх биз.
Ийнхүү пропорциональ хувилбар нэвтрүүлснээр парламентад одоогийнхоос олон нам орж ирэх нөхцөл ямар нэгэн байдлаар бүрдэх юм. Намын жагсаалтаар сонгох гишүүний хувь, хэмжээ нэмэгдэх тусам УИХ олон намын төлөөлөлтэй байх магадлал өсдөг. Үүнийг нэг талаас хууль тогтоох засаглал дахь улс төрийн хүчний зохистой харьцаа хангагдах сайн талтай гэж тайлбарладаг ч олон “жижиг” нам парламентад суудал авснаар Засгийн газрыг тогтворгүй болгох эрсдэл дагуулдаг. Энэ нь өнөөгийнх шиг үнэмлэхүй олонх бүхий парламент бүрдэж, сүүлийн хоёр сонгуулийнхтай ижил, төстэй үр дүн гарах боломж хязгаарлагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд гар хүрэх хүрээ, хязгаар хумигдах нь. Нөгөө талаас УИХ-ын гишүүдийн тоог ямар нэг байдлаар нэмэгдүүлэхээр буй. 126 биш юм гэхэд одоогийн бүрэлдэхүүнийг өргөтгөж мэднэ. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад шаардлагатай саналын босго ч өндөрсөнө.
УИХ-ын гишүүний тоог нэмэх өөрчлөх, эсэхээс үл хамааран ирэх найман жилд үүний талаар хөндөх эрхгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиас эл хязгаарлалтыг нь хасчихвал энэ тухай дахин ярихыг үгүйсгэхгүй. Гэвч эл сэдвийг дараагийн хоёр парламентаар ч хэлэлцэхгүй гэвэл Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулсан Засгийн газраас тавьж буй үндэслэл, тулгамдаж буй асуудал нь хэрхэх бол. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн салшгүй хэсэг байх ёстой гэж үзэж танилцуулсан, гишүүдийн тоог нэмэх, эсэх асуудал нь орхигдвол хүссэн үр дүндээ хүрэх үү. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хоорондын хяналт-тэнцэл сайжирч, парламентын чанар, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг дээшлүүлэн, 76 “дарга” бус, иргэд, ард түмний төлөөлөгчдөөс бүрдсэн УИХ-тай болох уу. Хамгийн гол нь “тойргийн” гэх явцуу ашиг сонирхол, улстөрчдийн өнөө, маргаашийг аргацаасан “тоглолт”, жалга довны үзлээс улс, эрх орны эрх ашгийг илүүд тавьж чадах уу.
Бэлтгэсэн: Б.Оргил