УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонссон. Үүнтэй холбоотойгоор УИХ-д суудалтай намуудын удирдлага өчигдөр уулзаж, ярилцан, улмаар парламентын гишүүдийг 126 болгох нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Тэднээс 76-г нь мажоритар, 50-ийг нь пропорциональ хувилбараар сонгох тухайд ч талууд зөвшилцөлд хүрсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд нар энэ талаар мэдээлсэн юм. Олонхын бүлгийн дарга “Иргэдийн саналд тулгуурлан мажоритар давамгайлсан холимог тогтолцоогоор сонгууль явуулж, парламентад тойргийн төлөөллийг түлхүү байлгах ёстой гэдэгт намууд байр сууриа нэгтгэлээ. АН-ын зүгээс холимог тогтолцоог мажоритар 60, пропорциональ 40 хувийн харьцаатай байлгахаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгаад байсан бөгөөд үүнийг талууд дэмжиж байна. Нөгөө талаас иргэд УИХ-ын гишүүдийн тоог 152 байлгахыг дэмжихгүй, бууруулах ёстой гэж байна” хэмээсэн бол цөөнхийн бүлгийн дарга “60:40 харьцаатай тогтолцоог нэвтрүүлснээр хүн амын олонх нь амьдардаг Улаанбаатарын иргэдийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад давамгай орж ирнэ гэж найдаж байгаа. Сонгуулийн тогтолцоонд пропорциональ хувилбар давамгайлсан тохиолдолд Засгийн газар тогтворгүй болох эрсдэлтэйг тооцох нь чухал” эв. Харин ХҮН намын хувьд УИХ-ын гишүүдийн тоог 126-гаас буулгавал үр дүн гарахгүй гэж үзэж буйгаа онцлоод, нийслэлээс сонгох мандатыг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдав. Түүнчлэн өдгөө 76 гишүүнд зарцуулж буй төсвийг өсгөхгүй байх боломжтойн зэрэгцээ нэр хүнд муутай улстөрчдийг намын жагсаалтад оруулахгүй байх агуулгаар санамж бичиг байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлж, уриалсан юм.
УИХ-д суудалтай намуудын нэгдсэн дээрх саналыг мөн өдөр найман байнгын хороогоор оруулж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ.