Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүд тойрогтоо танилцуулж байна. Ингэхдээ тэд парламентын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлж, мажоритар болон пропорциональ хувилбарыг ижил тэнцүү хэрэглэн, сонгох, эсэх талаар ярилцаж, санал солилцож буй. Иргэд, олон нийтийн зүгээс дэмжих, эс дэмжихээ илэрхийлэн, янз бүрийн байр суурь хөвөрч байгаа энэ үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санаачилгыг хэзээнээс, хэдэн удаа, ямар хэлбэрээр гаргаж ирснийг сөхье.
Анх 1991 оны арванхоёрдугаар сарын 2-нд буюу ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр АИХ-ын чуулганаар “УИХ нэг танхимтай, 76, 102, эсвэл 120-150 гишүүнтэй байх гэсэн санал гарч байв. Эдгээрээс санал хураахад 76 гишүүнтэй байх нь зүйтэй гэдгийг 180 депутат дэмжиж, 171 нь татгалзаж, нэг нь түдгэлзсэн түүхтэй. Энэ үеэр Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга П.Очирбат “УИХ-ын гишүүний тоог 76 байхаар тогтоолоо. Энэ нь парламентын нэг гишүүн 28-30 мянган хүний буюу сонгуулийн насанд хүрсэн 14-15 мянга орчим сонгогчийг төлөөлөхөөр байгаа нь дэлхийн улсуудын жишигтэй дүйж байгаа юм” хэмээсэн бол депутат Р.Хатанбаатар “76 гишүүн цөөднө. Учир нь парламентын гишүүний тоо цөөн үед намуудын бодлого хэрэгжихгүй. Харин хувь хүмүүсийн санаа маш их давамгайлна” гэж ярьж байжээ. Мөн депутат Д.Дэмбэрэл “Ард түмэн засгийн эрх барих гол танхимыг 76-хан хүнтэй болгосон нь оновчтой биш. УИХ-ын гишүүдийн 50 хувь нь ирвэл чуулганаа явуулна гэж зааж байна. 50 хувь буюу 38 хүн хуралдаж, олонхын зарчмаар асуудал шийдвэл 19 хүн хууль батлах бололцоо бүрдэж байна. Тиймээс 76 гишүүний тоог нэмж, хоёр танхимтай болгоё” гэж байсныг эргэж харахад сонирхолтой аж.
Харин одоогийн 152 гэдэг тоог дэвшүүлэхээс өмнө буюу 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг 108 гишүүнтэй болгож, 54-ийг нь мажоритар, 54-ийг нь пропорциональ хувилбараар сонгох төсөл өргөн мэдүүлж байв. Мөн 2008-2012 оны парламентын үед гишүүн Су.Батболд 108 гишүүн бүхий Төлөөлөгчдийн танхим, 51 гишүүнтэй Үндэсний зөвлөл гэсэн хоёр танхимтай байх санал дэвшүүлж, өргөн барьж байж. Түүнчлэн дараагийн парламентад нь гишүүн Н.Батбаяр УИХ-ыг 99 гишүүнтэй болгох санал өргөн мэдүүлж байлаа.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 108
Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүд санаачилсан. Тэдний төсөлд УИХ-ын гишүүдийн тоог өсгөхтэй холбоотой заалт байгаагүй. Учир нь парламент өөрийнхөө эрх хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлахыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хориглодог. Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэх саналыг Ерөнхийлөгч, эсвэл Засгийн газраас санаачлах боломжтой.
Ингээд 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэгэнт хэлэлцэж эхэлсний дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга мөн санал боловсруулж, түүнийгээ өргөн барьсны дотор гишүүдийн тоог 108 болгох зохицуулалт байсан юм. Тэрбээр ардчилсан Үндсэн хууль батлах үеийнхээс хүн ам өссөн байхад УИХ-ын гишүүд цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдахад хүргэж, парламентад зүй бус нөлөө орох эрсдэлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсоныг үндэслэл болгож байв. Төрийн тэргүүн эл төслөө наадмын өмнөх өдөр өргөн барьсан бөгөөд үндэсний их баяр наадам өндөрлөсний маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, танилцуулахдаа “Аливаа улсын парламент “хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих” чиг үүргээ чанартай хэрэгжүүлэхийн тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцоолон гаргадаг аргачлал байдаг. Энэ аргачлалаар тооцвол 3.2 сая хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтой бөгөөд үүнийг 108 болгох санал гаргалаа. Энэ нь УИХ-ын төлөөлөх чадвар, сонгогдсон гишүүний ажлын ачаалалд хамгийн тохиромжтой хувилбар. УИХ цөөн тооны буюу 76 гишүүнтэй байгаагаас аливаа асуудлыг ердийн олонхоор батлах, хэт цөөн хүн хууль батлах, улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэх зэрэг сөрөг нөлөө үүсэж байна. Тодруулж хэлбэл, УИХ-ын нийт гишүүний олонх буюу 39 нь хуралдаанд ирснээр ирц бүрдэж, үүнээс ердөө 20 гишүүний саналаар буюу гуравны нэгээс бага нь хууль батлах боломж бүрдсэн. Энэ нь чанаргүй, амьдралд буухааргүй, тогтворгүй, үр нөлөөгүй хууль гаргах үр дагавар бий болгож байна” хэмээн онцолсон юм.
Ингээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд Ерөнхийлөгч санал гаргасан тул зөвшилцөх ажлын хэсэг байгуулан, энэ тухай ярилцаад, УИХ-ыг 99 гишүүнтэй болгох хувилбар дэвшүүлсэн билээ. Тухайн үед зөвшилцөх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт үүнийг “Олон улсад Энэтхэг, Хятадыг эс тооцвол “куб язгуур”-ын аргаар бодож парламентын гишүүдийн тоог тогтоодог жишиг байдаг юм байна гэж ярилцаад 99 гэдэгт санал нэгдсэн” хэмээн тайлбарлаж байв. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад энэ саналыг дэмжээгүй юм.
БЭЛГЭДЛИЙН 99
Нөгөө талаас Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн 108-ыг буулгаж, 99 дээр тогтсон нь өмнөх парламентын үед Н.Батбаяр нарын гишүүдээс гаргасан саналд үндэслэсэн байхыг үгүйсгэхгүй. Н.Батбаярын хувьд энэ тоог бэлгэдэж бий болгосноо нуугаагүй. Тухайлбал, тэрбээр “Дэлхийн улсууд парламентын 120 орчим гишүүнтэй байдаг юм байна. Манайд энэ нь олонд тооцогдоно. Хоёр оронтой тооны хамгийн дээд гэж үзээд 99 гишүүнтэй байхаар тусгасан. Есийн тооны бэлгэдлээ бодлоо. Ес гэдэг бол зөвхөн Монголд биш, дэлхий дахинд бэлгэдлийн тоо. Нарны аймаг есөн гарагтай. Цаашаа есөн өрлөг, есөн цагаан туг гээд их олон юм бий. Жишээ нь, “Apple” компани шинэ загварын утсаа үргэлж есдүгээр сарын 9-нд танилцуулдаг нь тохиолдол биш шүү” гэх мэтээр ухуулж байв. Энэ үед АН-ынхан олонхыг бүрдүүлж байсан ч эл төслийг парламент хэлэлцээгүй.
ХОЁР ТАНХИМЫН 159
Үймээн самуунтай 2008 оны сонгуулийн дараа МАХН (өнөөгийн МАН)-ынхан парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, улс төрийн системийг боловсронгуй болгож, төлөөлийн ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах намуудын төлөөлөл бүхий ажлын хэсгийг байгуулсан түүхтэй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тус ажлын хэсгийн түвшинд ярилцан боловсруулж, нарийн бичгийн даргаар нь ажилласан УИХ дахь олонхын бүлгийн дэд дарга Су.Батболд “авторлаж” байв. Тэд мөн манай парламентад 76 гишүүн цөөдөж буйг онцолж байсан ч УИХ-ыг хоёр танхимтай болгох нь зүйтэй гэх санал дэвшүүлсэн юм. Ингэхдээ Төлөөлөгчдийн танхим (доод танхим)-ыг бэлгэдлээ бодон 108, Үндэсний зөвлөл (дээд танхим)-ийг 51 гишүүнтэйгээр байгуулбал тохиромжтой гэж үзэн төслөө өргөн барьсан ч хэлэлцээгүй. Энэ бол 15 жилийн өмнө ярьж байсан тоо.