УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нартай өчигдөр уулзаж, хаврын ээлжит чуулганаар хийхээр зорьж буй, тэр дундаа төрийн албаны шинэтгэлийн талаар танилцууллаа. Үүний хүрээнд авлигатай тэмцэх болон улс төрийн намын тогтолцоог шинэчлэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах багц хуулийг батлахаар ажиллаж байгааг дурдаад, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг онцлов. Харин хэлэлцүүлгийн шатанд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэгдэж байгаа гэлээ. УИХ-ын ойрын зорилт бол засаглалыг сайжруулах, эдийн засгийн, хүний хөгжлийн реформыг хэрэгжүүлэх гэж тэрбээр тодорхойлсон юм. Үүнд тус бүр гурван багц, нийт 10 хуулийн шинэчлэл багтаж байгаа аж. УИХ-ын дарга Г.Занданшатар “Авлигатай тэмцэх хөрс суурийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль бүрдүүлнэ.
Төрийн 4337, төрийн оролцоотой байгууллагын 234 251 албан хаагчид энэ хууль үйлчилнэ. “Ёс зүй гэдэг бол хуулийн амин сүнс. Ёс зүйгүй бол мянган хууль гаргаад ч дагаж мөрдөхгүй” гэсэн эртний дорно дахины зүйр цэцэн үг бий. Ийм учраас ёс зүйн хэм хэмжээг бүх шатанд мөрдөж байж, нийгмийн шударга ёс тогтож сэргэдэг” гэж онцлоод, төрийн бүх байгууллагын дэргэд байгуулагдах Ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллах Ёс зүйн хороо хуулийг хэрэгжүүлж ажиллахад чухал үүрэг, оролцоотой болох талаар оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнчлэн нийслэлийн хороодод тулгамдаж буй нийтлэг асуудал, түүний цар хүрээний талаар байр сууриа илэрхийлж, оролцогчдын асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв. Оролцогчид цаг үеийн асуудал болох Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар УИХ-ын даргаас асуулт асууж, байр суурийг нь тодруулж байлаа.
Бэлтгэсэн: У.Наран