Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.05.05/ хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм.
Тэрбээр, Сонгуулийн мажоритар тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэхэд сонгогчдын санал гээгдэх нь бага, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай.
Иймд мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн тогтолцоотой байх зохицуулалтыг тусгаж, сонгуулийн тогтолцооны тогтвортой байдлыг хангана. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн, судлаачдын төлөөллөөс бүрдсэн багууд төслийг иргэдэд танилцуулан санал авах хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт нийт 6 мянга орчим иргэд биечлэн оролцож, давхардсан тоогоор 33900 гаруй санал өгсөн байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн арвын 1.4-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, санал авсан байх шаардлагын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг ҮАБЗ-ийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэдийг төлөөлөх парламентын чадамжыг сайжруулах хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэх, мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн тогтолцоотой болох УИХ-ын нийт гишүүний 50 хувийг мажоритар, 50 хувийг пропорциональ аргаар сонгох зохицуулалтыг Монгол Улсын үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт оруулахаар тусгалаа хэмээн танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсанаар ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хууль тогтоомж болон хуулийн биелэлтэд тавих хяналтыг чанаржуулах замаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тодорхой зааж баталгаажуулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо тогтвортой байх, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзжээ.
Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Ж.Батсуурь, М.Оюунчимэг Д.Сарангэрэл, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэхээр тусгахдаа тодорхой судалгаанууд хийсэн байх гээд судалгааны үндэслэлүүдийг тодруулсан. Мөн тэрбээр парламентын засаглалд хувь улстөрчийн нөлөө бага байх ёстой, мажоритор систем улс төр дэх хувь хүний нөлөөг өндөрсгөж, улстөрийн болоод бодлогын томоохон шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж ирсэн хэмээгээд өнгөрсөн жилүүдэд мажоритар системийн хөгжлийн бодлогод сөргөөр нөлөөлсөн нөлөөллийн талаар лавласан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, 1990 оноос хойших 33 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг бараг 300 дахин өссөн хэдий ч ядуурлын хувь 5-6 хувиар өөрчлөгдсөн. Мажоритар тогтолцооны хамгийн алдаатай хэсэг нь энэ. Монгол Улсын эдийн засаг өсөж байсан ч 76 тойрогт хөрөнгө оруулалт нэрийн доор улсын төсвийг жигд хуваарилж ирснээс макро эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг бид энэ 33 жилийн хугацаанд хэрэгжүүлж чадаагүй. 1980-аад оны дундуур сүүлийн цахилгаан станц ашиглалтад орсон. Түүнээс хойш 40 гаруй жилийн хугацаанд бид нэг ч цахилгаан станц байгуулаагүй. Эрчим хүчнийхээ 25-30 хувийг жил болгон импортолж байгаа. Мажоритар тогтолцооны 30 жилийн хугацаанд бидний алдсан алдаануудын зөвхөн нэг нь энэ байна.
1991 онд тухайн үеийн Улсын Бага Хурал дахь Үндэсний дэвшлийн намаас УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь одоо зүйтэй юм бэ гэсэн судалгааны материалыг эмхэтгэж хэвлүүлж байж. Тэр үеийн судалгаа хийж байхад манай улс 2.1 сая хүн амтай байсан бөгөөд Монгол Улсад 23 мянган хүнийг нэг УИХ-ын гишүүн төлөөлөх нь зүйтэй гэсэн статистик гаргаж, өнөөдрийн 76 гишүүний тоог тогтоожээ. Түүнээс хойш Монгол Улсын хүн ам 3.4 сая орчим болтлоо өссөн. Өнөөдөр ойролцоогоор нэг гишүүн 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна. Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихтэй дүүргүүдэд нэг гишүүн 50-70 мянга орчим сонгогчийг төлөөлж байна гэсэн судалгаа байна. Тиймээс УИХ-ын нэг гишүүнд ноогдох хувийн жинг бууруулах, иргэдийг төлөөлөх парламентын чадамжыг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр тусгасан гэсэн хариултыг өгсөн.
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Сарангэрэл, Г.Ганболд Г.Занданшатар, Т.Доржханд үг хэлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд улс төрийн намуудын төлөвшил, УИХ-ын гишүүдийн нөлөөллийн жинг бууруулах, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээр нь бодлогын институт болж төлөвших нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн давхарга бүлгүүдийн төлөөллийг хангах, улс төрийг мөнгөний нөлөөллөөс ангижруулах, төрийн бодлого үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, засгийн эрх мэдлийн хяналт тэнцвэрийн хэрэгсэл зохистой байх шаардлагатай талаар нэгдсэн байр сууриа илэрхийллээ.
Эцэст нь санал хураалт явуулахад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн буюу 80 хувийн саналаар дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Дараа нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж дагаж мөрдөх журмын тухай хуулийг хамтад нь өргөн мэдүүлсэн. Хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдмагц хэрхэн шилжилт хийх харилцааг зохицуулсан хэмээсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.