Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өчигдөр Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, тэдний 50 хувийг мажоритар, 50 хувийг пропорциональ аргаар сонгохоор тусгажээ.
Засгийн газар өнгөрсөн сарын 14-нөөс Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд санал авч эхэлсэн. Тухайн үед үүнд тусгасан байсан зарим заалт, тухайлбал, Үндсэн хуулийн цэцтэй холбоотой болон улс төрийн намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй нь эвлэлдэн нэгдэж байгуулах заалтыг хүчингүй болгох гэх мэт зохицуулалтыг хассан байна. Төслийг өргөн барьсны дараа мэдээлэл хийх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Уг төслийг боловсруулах явцад засаглалын хэлбэрийг өөрчлөх, төрийн бэлгэ, туг далбааг солихоос авхуулаад маш олон санал хүлээн авсан. Санал болгоныг тусгасан бол төсөл маань нэлээд томорч, тэр хэрээр нийгэм, олон нийтийг талцуулж мэдэхээр байлаа. Тиймээс эхний ээлжид УИХ-ын 2022 оны 34, 54 дүгээр тогтоол, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баримтлан зөвхөн УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр өргөн барьж байна. Энэ нь 2019 онд баталсан нэмэлт, өөрчлөлтийг гүйцээх зорилготой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг илүү өргөн хүрээнд батлах эрх нь дараагийн парламентад бий” гэв.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн төслөө иргэдэд танилцуулж, санал авах зорилгоор 22 удаагийн хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулахад 6000 орчим иргэн биечлэн оролцсон байна. Мөн давхардсан тоогоор 33 900 гаруй санал ирүүлжээ. Сайд Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг иргэд ерөнхийдөө дэмжиж байна. Харин яг 152 гишүүнтэй байх нь зөв, эсэх талаар байр суурийн зөрүү байгаа нь судалгаагаар ажиглагдлаа. Намуудын хувьд ч гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа” хэмээв.
Бэлтгэсэн: У.Наран