АН: ҮБХ-НЫ ГИШҮҮД САНАЛ НЭГДСЭН
АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны 300 гаруй гишүүн өнгөрсөн ням гарагт шөнө дүл болтол хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх талаар ярилцжээ. Өчигдөр болсон УИХ дахь намын бүлгийн ээлжит хуралдааны дараа тэд мэдээлэл хийсэн бөгөөд таван багц сэдвийн хүрээнд 18 саналыг Засгийн газарт хүргүүлэхээр болсон байна. АН-ын дарга Л.Гантөмөр “Манай намын бүлгээс өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгасны дагуу сонгуулийн тогтолцоог 60:40 харьцаатай, холимог хэлбэртэй байхаар Үндсэн хуульд заах шаардлагатай. Мөн хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой санал гаргаж байна. Засгийн газраас санал авч буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс хэт халихгүй ч 2015 онд манай намаас дэвшүүлж байсан зарчмын байр сууриа хадгалан саналаа хүргүүлж байна. Үүнд шүүхийн хараат бус байдлыг хангах, Үндсэн хуулийн цэцтэй холбоотой заалтууд ч бий” гэв.
Таван багц асуудлыг тодруулбал,
1. Иргэний амьд явах, эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан зүй бус зохицуулалтуудыг Үндсэн хуулиас хасах,
2. Эрх мэдлийн хуваарилалт, сонгуулийн тогтолцоог сайжруулах чиглэлээр зоригтой алхам хийх,
3. Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж, дотоод эрх мэдлийн хуваарилалтын зарчмуудыг хангах замаар хүний эрхийг хамгаалах,
4. Үндсэн хуульд заасан иргэний эрх чөлөөг хамгаалдаг, зөрчигдөж байгаа бол Цэцэд гомдол гаргах эрхтэй болгох,
5. Үндсэн хуульд ойр ойрхон гар хүрснээр дархлаа нь суларч байгаад анхаарал хандуулахад чиглэх гэнэ.
Энэ талаар ҮБХ-ны гишүүн, сайд асан Х.Тэмүүжин “Эрх баригчид үнэхээр тогтолцооны өөрчлөлт хийж, Үндсэн хуулийн хөгжлийг дараагийн шатанд гаргахаар зориглосон бол намынхаа жижиг, явцуу эрх ашгийг хойш тавих ёстой. Тухайлбал, Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” хэмээн заасныг АН-ын зүгээс “Монгол Улсад засаглалыг гагцхүү хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваан хэрэгжүүлнэ. Хууль тогтоох эрх мэдлийг УИХ, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар, шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх бөгөөд УИХ Үндсэн хуульд, Засгийн газар Үндсэн хууль, хууль тогтоомжид, шүүх Үндсэн хууль, хуульд захирагдана. Засаглалын бүх эрх мэдлийн байгууллага иргэний үндсэн эрхийг дээдлэн ажиллана” гэж тодотгох санал хүргүүлж байна.
Ингэж өөрчлөхгүй бол эрх баригчид Үндсэн хуулийг хүссэн үедээ, дуртай чиглэл рүүгээ хазайлгах боллоо. Мөн Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд тав дахь хэсгийг нэмэх саналтай байна. Тодруулбал, 66.2.3 дахь хэсэгт заасанчлан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаар Цэцийн дүгнэлт гарсан бол уг албан тушаалтныг эгүүлэн татах, огцруулах үндэслэл болно гэж шууд заах нь зүйтэй. Одоогийн хуулиар эгүүлэн татах, огцруулах, эсэхийг хэлэлцээд, татгалзвал албан тушаалд нь хэвээр үлдээхээр байна. Үндсэн хууль гэдэг нь хамгийн дээд хүчин чадалтай баримт бичиг мөн л юм бол хил хязгаарыг нь давсан ямар ч албан тушаалтанд ажил үүргээ үргэлжлүүлэх боломж олгох ёсгүй. Энэ мэт нэмэлт, өөрчлөлт хийх нь тогтолцооны шинэчлэл нэрийн дор сандал, суудалтай зууралдахаас илүү үнэ цэнтэй” хэмээв.
Ингээд тэд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг АН дэмжиж байна уу?
Л.Гантөмөр: ҮБХ-ны гишүүд үүнийг дэмжье гэж санал нэгдсэн. Сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд заах болон Х.Тэмүүжингийн сая тайлбарласан саналуудыг Засгийн газарт хүргүүлэх юм. Үүнийгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагад дэлгэрэнгүй тайлбарлана.
-ҮБХ-ны гишүүнД.Сосорбарам дэмжихгүйгээ илэрхийлсэн байна лээ. Бүгд санал нэгдээгүй юм биш үү?
-Ямар ч эсрэг байр суурьтай хүнийг намаасаа хасахгүй байх зарчим баримталж байгаа. Манай нам бол олон ургалч үзэл бодлын нэгдэл. ҮБХ-ны гишүүд бүгд гар өргөж, дэмжихийг би харсан. “Эсрэг саналтай хүн байна уу” гэж асуухад гараа өргөсөн хүн байгаагүй. Бид олон талаас нь ярилцаад, Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавих шийдвэрт хүрсэн.
-УИХ-ын гишүүдийн тоог хэд байх нь зүйтэй гэж үзэж байна вэ?
-УИХ-ын 76 гишүүн хэт өндөр эрх мэдэлтэй, бүх томилгоо, төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалтад оролцож байна. Үүнийг яаж задлах вэ гэдгийг л яриад байгаа юм. УИХ-ыг 152 гишүүнтэй болгосноор нэг гишүүний эрх мэдэл 45-50 хувиар буурна гэж Засгийн газар тооцсон юм билээ. Нөгөө талаас манай парламент давжаа. 76 гишүүний 20 нь сайд болчихоод байхад Засгийн газрыг УИХ яаж хянах юм бэ. Тиймээс Засгийн газрын УИХ-д үзүүлэх нөлөөллийг бууруулах асуудал гарч ирж байгаа юм.
Х.Тэмүүжин: Гишүүдийн тоо төд байх ёстой гэсэн шийдвэрийг ҮБХ-ноос гаргаагүй. Парламентын ардчиллыг бэхжүүлж, гадаадын зүй бус шахалтыг шингээх чадвартай УИХ-ыг бүрдүүлэх ёстой гэсэн байр суурь манай намд бий. АН-аас хүргүүлж байгаа саналуудыг 2008 оноос хойш хэлэлцэж, нэгтгэсэн гэж ойлгож болно. Парламентыг Засгийн газраа хянах чадвартай байлгах хоёр арга бий. Нэгдүгээрт, давжаа парламентын бүрэлдэхүүнийг нэмэхгүй, УИХ-аас Засгийн газарт орж ажиллах гишүүдийн тоог хязгаарлах замаар шийдэж болно. 2019 онд Үндсэн хуульд ийм зохицуулалт оруулсан ч жил хүрэхгүй хугацааны дараа Цэцээр шийдвэр гаргуулж байгаад энэ өөрчлөлтийг үгүй хийсэн. Одоо үлдсэн арга зам нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх замаар Засгийн газрыг хянах явдал. АН-ын хувьд гишүүдийн тоог 100-гаас дээш байх нь зүйтэй гэж үзэж байгаа ч одоогийнхыг шууд хоёр дахин нэмэгдүүлж, механикаар өсгөх нь зөв гэдэгт эргэлзэж буй.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэнээрээ АН төдийгүй бусад нам эрх баригчидтай ямар нэгэн байдлаар тохироо хийсэн мэт харагдахыг үгүйсгэхгүй. Энэ тухайд юу хэлэх вэ?
Л.Гантөмөр: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бид 2015 онд боловсруулж байсан. Өнөөдөр Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын эрх мэдэл олон талаар давхцаж, хоёр талд засаглалын дайтай болчихсон нь хямрал үүсгээд буйг АН-ынхан тэр үед л хэлж байсан ч өргөн барьж чадаагүй. Ерөнхийлөгч нийт ард түмний эв нэгдлийн илэрхийлэл байхаас бус, мөрийн хөтөлбөр дэвшүүлж өрсөлдөөд, өөртөө Засгийн газраас дутахгүй эрх мэдэл хураагаад байдаг субъект биш гэдгийг бид тэр үед л хэлж байсан. Улс орны хэмжээнд тулгамдсан, олон жил ярьж буй асуудлыг одоо шийдэх ёстой гэж байгаагаас биш эрх баригчидтай хуйвалдсан зүйл үгүй.
-Засгийн газрын боловсруулсан төслөөс анхаарууштай, болгоомжтой хандах заалт нь юу вэ?
Х.Тэмүүжин: УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтийн дагуу Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаарх дүгнэлтийг Цэц гаргадаг. Тэгвэл УИХ-ын нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Хүний эрхийн үндэсний комисс Цэцэд хүсэлт гаргах эрхтэй байхаар дээрх төсөлд тусгасан байна. Үндсэн хуульд ямар нэгэн байгууллагын нэрийг шинээр оруулна гэдэг нь Үндсэн хуулийн институц болгон баталгаажуулж буй хэрэг. Үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Бусад улс орны туршлагаас харахад Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагыг ийм байдлаар Үндсэн хуульд оруулж ирэх нь зөв биш. Тэр ч байтугай прокурорын байгууллагыг ч Үндсэн хуулийн институц байхыг зөвшөөрдөггүй. Харин үүний оронд эрх нь зөрчигдсөн, хохирсон иргэн өөрөө Цэцэд хандах эрхтэй байх ёстой. Иргэн хүн өөрөө өөрийнхөө төлөө явах гэхээр гомдлыг нь хүлээж авдаггүй атлаа өөр хэн нэгэн өмнөөс нь Цэцэд мэдээлэл гаргаж, асуудлыг шийдэж ирсэн шүү дээ.
МАН: ЗУРГАДУГААР САРЫН 20 ГЭХЭД ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх Засгийн газрын саналыг УИХ дахь олонхын бүлгийнхэн дэмжжээ. Харин тус төсөлд тусгасан, улс төрийн намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй нь эвлэлдэн нэгдэж байгуулах заалтыг хүчингүй болгох саналыг энэ удаа хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Эл заалтыг 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа оруулсан учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу найман жилийн хугацаанд дахин гар хүрч болохгүй хэмээн санал нэгджээ. Мөн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр эл асуудлыг зургадугаар сарын 20 гэхэд хэлэлцэн, эцэслэхээр төлөвлөж буй аж. Үүний дараа УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэнэ.
ХҮН: УИХ-ЫГ 152 ГИШҮҮНТЭЙ БОЛГОХ НЬ ЗӨВ
ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнгөрсөн ням гарагт хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн дэмжжээ. Энэ талаар тус намын дарга Т.Доржханд мэдээлэл хийж, саналаа Засгийн газарт хүргүүлснээ уламжлав. Тэрбээр “Төлөөлөх зөвлөлийн гишүүд 100 хувь санал нэгдлээ. Бусад намын удирдлага ч дэмжиж буйгаа илэрхийлсэн. Монгол Улсын түүхэнд анх удаагаа бараг бүх нам санал нэгтэйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Энэ төслийг батлахад багадаа 45 хоног шаардлагатай. 1992 онд Үндсэн хуулийг батлахад Б.Чимид гуай УИХ-ын гишүүдийн тоог 102 байлгах ёстой гэж байсан ч эдийн засгийн нөхцөл, боломжоос шалтгаалан 76 байхаар хуульчилсан. Парламентын гишүүдийн тоог шинжлэх ухааны үндэслэлгүй тогтоосноос болж өдгөө Монголд авлига газар авч байна” гээд энэ долоо хоногт хэлэлцүүлгийг эхлүүлэх саналтай буйгаа эв.
Тус намын хувьд УИХ-ыг 152 гишүүнтэй болгохыг дэмжиж байгаа аж. Тэрбээр “Хятад, Энэтхэг улс тэрбум гаруй хүн амтай атлаа парламент нь 700-800 гишүүнтэй байна. Хүн амд нь харьцуулан тооцвол Монголын парламент 20-30 гишүүнтэй ч байж болно” гэж ярьдаг. Олон улсын жишгээр парламент нь 120-800 гишүүнтэй байхад хамгийн үр ашигтай ажиллаж буйг судалгаагаар тогтоосон” гэлээ.