“Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ нь засаглалын хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хяналтыг дэмжиж, төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээллийг авахаар Тамгын газарт нь хоёр жилийн хугацаанд зургаан удаа хандсан ч бүтэлгүйтжээ. Уг нь Үндсэн хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалтаар энэ нь нээлттэй байх ёстой аж. Иймд тэд тус мэдээллийг нээлттэй болгохыг шаардан, “Мэдэх эрхтэй” аян эхлүүлж буйгаа өчигдөр зарлав.
Тус ТББ-ын гүйцэтгэх захирал М.Энхбадрал “УИХ-ын Тамгын газар нь иргэний нийгмийн байгууллагаас гаргасан, мэдээлэл авах тухай хууль ёсны хүсэлтийг удаа дараа үл хэрэгсэж, гаргаж өгөхгүй байгаа нь хууль тогтоох дээд байгууллага хууль биелүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах хүсэл сонирхолгүй байгаагийн илрэл. Энэ мэдээллийг ил болгосноор УИХ-д тавих иргэдийн хяналтыг сайжруулахаас гадна өөрсдийг нь төлөөлж буй гишүүдийн ажлыг үнэлэх боломж бүрдэнэ” гээд дээрх мэдээллийг ил болгосны дараа аянаа өндөрлүүлнэ хэмээв. Аяны хүрээнд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд тус ТББ-аас гаргасан өргөдлийн загварыг бөглөж, УИХ-ын Тамгын газарт хүргүүлэхийг хүссэн юм. Мөн УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналыг ил тод болгохыг шаардсан цахим өргөдөл (petition)-ийг санаачилж, нэгдэхийг уриаллаа.
Харин тэднийг 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийхээс өмнө буюу УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийн ирцийн болон хууль эцэслэн батлахад өгсөн саналын талаарх мэдээллийг ил тод болгож, иргэний мэдэх эрхийг хангахыг Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны болон Тамгын газрын удирдлагад үүрэг болгосон юм. Тэрбээр “УИХ-ын гишүүдэд онцгойлон анхааруулж хэлэх зүйл байна. Нэр бүхий ТББ болон иргэдээс удаа дараа шаардаж буй мэдээлэл нь ил тод байх ёстой. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн нь төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалуулах нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй гэж заасан. Харин Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх нээлттэй. Хүн, хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл бүрдүүлнэ гэж заасан. Гишүүдийн хууль батлахад өгсөн санал нууцад хамаарахгүй” гэв.