Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх, хүртээмжийг нэмэх зорилготой “Хурдан” цэгийг нийслэлийн хэд хэдэн дүүрэгт нээжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн “И-март”, “Да хүрээ” худалдааны төв, “Улаанбаатар” их дэлгүүр, Эмээлтийн товчоо, АШУҮИС, Баянзүрхийн “Жанжин” клуб, “Жетро” худалдааны төвд байгуулжээ. Түүнчлэн БНСУ, БНЭУ-д нээсэн байна. Эхний ээлжид хүн амын төвлөрөл ихтэй газруудад байршуулж буй аж. Иргэд, аж ахуйн нэгжүүд уг цэгээр дамжуулан оршин суугаа газрын тодорхойлолт авахаас эхлээд гадаад паспорт, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 400 гаруй үйлчилгээг авах боломжтой гэнэ. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Нийслэл хариуцсан газрын дарга Г.Өнөрцэцэг “Энэ онд багтааж Улаанбаатарт 61 байршилд цэг нээнэ. Энэ сараас орон нутагт ч ажиллуулахаар төлөвлөсөн. Үйлчилгээний ажилтнуудыг хоёр сар дадлагажуулсан. Эхний ээлжид 21 аймгийн төвд, цаашид сумуудад үе шаттайгаар “Хурдан” цэг бий болгох юм. Мөн гадаадын 40 гаруй оронд ийм үйлчилгээг нэвтрүүлнэ” гэв.