“Төрийн байгууллагууд сүүлийн үед олон нийт, хэвлэл мэдээлэлдээ их анхаардаг болжээ. Дандаа л мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж, бие даасан нэвтрүүлэг, ойлгомжтой, цэгцтэй, тэнцвэртэй, соён гэгээрүүлсэн, энгийн, хэрэгцээтэй, танин мэдэхүйн, сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна. Үнэхээр талархууштай”. Нэгэн сэтгүүлч бүсгүй олон нийтийн сүлжээнд ийнхүү бичсэн нь эгдүүцэл төрүүлэв. Түүний хэлсэн нэг зүйлтэй санал нэгдэж байна. Төрийн байгууллагууд хэвлэлийн албандаа “гойд анхаардаг” болсон нь маргаангүй үнэн. Бараг бүх байгууллага хэвлэлийн төлөөлөгч, ажилтантай, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэстэй, сургалт, сурталчилгаа хариуцсан албатай болсон. Сум, дүүрэг, хорооны түвшинд ийм алба, хэлтэс харьцангуй цомхон байх боловч засаг захиргааны нэгж, байгууллагын статус нь дээшлэх тусам нүсэр бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэрээр үнэн, бодитой, тэнцвэртэй мэдээлэл хүлээж авах боломж хумигдаж, тархи угаах үйл ажиллагаа нийгэмд хүчирхэгжсээр буй юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд хэвлэлийн албандаа “хэт анхаарснаас” үүдэлтэй олон сөрөг үр дагавар гарч байгаа. Үүнд талархах, сайшаах шалтгаан үгүй.
...Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар гэхэд 16 хүний бүрэлдэхүүнтэй. Өдөр тутмын зарим сонины редакцаас ч нүсэр бүтэцтэй. Үг, илтгэлийн, цахим мэдээллийн, сонин хэвлэлийн, контент боловсруулалтын гэсэн дөрвөн хэлтэстэй, таван дарга, 11 мэргэжилтэнтэй...
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж заасан байдаг. Үүний учир шалтгаан нь хэвлэлийн эрх чөлөөг хангах, төрөөс хараат байлгах, олон нийтэд хүргэх мэдээ, мэдээллийн агуулгад цензур тогтоохоос сэргийлэх зорилготой. Харамсалтай нь, энэ хуулийг УИХ, Засгийн газраас эхлээд яам, агентлаг гээд төрийн бүх шатны байгууллага зөрчсөөр байна. Тэд хэвлэлийн алба, олон нийттэй харилцах, сургалт, сурталчилгааны хэлтэс нэрийн дор хэвлэл мэдээллийн байгууллагуудыг “бойжуулан”, тэтгэх болов. Энэ нь өөрийн мэдэлдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулснаас ялгаагүй. Хэвлэлийн алба бол байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, сэтгүүлчдийг эх сурвалжтай холбох л үүрэгтэй. Тиймээс цомхон бүтэцтэй байх ёстой. Гэтэл бодит байдалд төрийн байгууллагууд мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ч нүсэр бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж, өөрсдийн бэлтгэж боловсруулсан, таалалд нийцүүлсэн нийтлэл, нэвтрүүлэг, контентуудыг сонин, сайт, радио, телевиз зэрэг мэдээллийн бүх сувгаар түгээсээр байна. Үүний үр дүнд хэвлэлүүд ердөө дамжуулагч төдий л болж хувирав. Сонин, сайт, телевиз хариуцсан тусгай хэлтэс, сэтгүүлчтэй, бүр мэргэжлийн студитэй (БХЯ-ны харьяа “Дуулга”, ХХЕГ-ын харьяа “Хилчин”, “Сүлд”)-гээр үйл ажиллагаа явуулж байгаа нь ч цөөнгүй.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар гэхэд 16 хүний бүрэлдэхүүнтэй. Өдөр тутмын зарим сонины редакцаас ч нүсэр бүтэцтэй. Үг, илтгэлийн, цахим мэдээллийн, сонин хэвлэлийн, контент боловсруулалтын гэсэн дөрвөн хэлтэстэй, таван дарга, 11 мэргэжилтэнтэй. Зуун ямаанд жаран ухна гэгч энэ л бололтой. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь мэдээлэл сурталчилгааны алба, студи гэсэн бүтэцтэйгээр саяхныг хүртэл үйл ажиллагаа явуулж байсныг сүүлд Олон нийттэй харилцах алба болгон шинэчилж, 16 хүний орон тоотой болгожээ. Нийслэл Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар нэртэй мөн л данхар бүтэцтэй, нүсэр төсөвтэй байгууллага ажиллуулж ирсэн. Яам, агентлагийн хэвлэлийн албад наанадаж гэрэл зурагчин, сэтгүүлч нийлсэн 4-5 мэргэжилтэнтэй. Сүүлийн үед вэб сайт, контент хариуцсан мэргэжилтнүүдийг ч эгнээндээ элсүүлэх болсон. Үүнийг дагаад төрийн байгууллагуудын бэлтгэж хүргэдэг контент, нэвтрүүлгийн төрөл зүйл ч олшров.
Хэвлэлийн албад данхайж, өөрийн чиг үүргийн бус ажлуудыг гүйцэтгэх болсноор редакцын бодлоготой, мэргэжлийн сэтгүүлчидтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа ганхаж, хараат бус байх зарчим алдагдаж эхэлснийг ч салбарын хүмүүс сэтгэл зовнин хөндөх боллоо. Нэгэн сэтгүүлч “Төр оролцохгүй салбар, бизнес гэж алга. Эцэс сүүлдээ хэвлэлийнхний ажлыг өмнөөс нь хийж, хоолыг нь булаацалдах боллоо. Төрийн байгууллагууд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, шинэ тутам гаргасан тушаал, шийдвэрүүдээ хэвлэлээр дамжуулан олон нийтэд танилцуулсныхаа төлөө тодорхой хэмжээний төлбөр төлдөг жишиг хаана ч байдаг. Энэ нь эргээд хэвлэл мэдээлэл хараат бус, эдийн засгийн чадамжтай байх үндэс суурь болдог юм. Гэтэл манай төрийн байгууллагууд үүнээс гажууд үйл ажиллагаа явуулж, хууль зөрчиж байна. Тэд телевиз, сонин, сайтад зөвхөн өөрсдийн бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгүүдийг нийлүүлээд зогсохгүй сонин, сэтгүүл “үйлдвэрлэж” эхэллээ” хэмээн бухимдалтайгаар байр сууриа илэрхийлснийг энд дурдъя. Үнэхээр л ийм буй. Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор хэвлэлээр мэдээ, мэдээлэл түгээгээд зогсохгүй сар, улирал, долоо хоног тутам сэтгүүл, сонин эрхлэн гаргах нь ч бий. Үүнийг нь өнөөх хэвлэлийн алба хэмээх нүсэр бүтцэд багтсан хүмүүс гүйцэтгэдэг. Улсын эдийн засаг, төсвийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь цар тахлын хүнд цаг үед улирал тутам тайлан сэтгүүл гаргаж, “баярхаж” байв. Энэ халуурал орон нутагт ч бий. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ гэхэд бодлого, үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор долоо хоног тутам “Хушаатын мэдээ” сонин эрхлэн гаргадаг юм билээ. Засаг дарга нь үүнийгээ бахархалтайгаар танилцуулна лээ. Угтаа бол энэ нь төрийн байгууллагын үндсэн чиг үүргийн ажил биш. Харин ч хууль зөрчсөн, төсөвт халтай үйл ажиллагаа юм.
Төрийн байгууллагууд данхар бүтэцтэй хэвлэлийн алба ажиллуулж байгаа нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчихөөс гадна Төрийн хэмнэлтийн тухай хуультай харшилж буй юм. Энэ хуульд Засгийн газар хэмнэлтийн арга хэмжээний хүрээнд нэн түрүүнд төрийн байгууллагын орон тоо, цалин хөлс, хяналтын тогтолцоог боловсронгуй болгоно гэж тусгасан. Ингэхдээ албан хаагчдын чиг үүргийн давхардлыг чухалчлахаар заасан байдаг. Нэг хүний хийдэг ажлыг гурван албан хаагч гүйцэтгэдэг тогтолцоог өөрчлөхийг л хэлж буй хэрэг. Харамсалтай нь, төрийн байгууллагуудын хэвлэлийн албадад хуулийн энэ зохицуулалт огт үйлчлэхгүй байна. Харин ч улам бүр данхайх маягтай. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар гэхэд 16 хүний бүрэлдэхүүнтэй, зөвхөн контент боловсруулах хэлтэс нь таван хүнтэй байж таарах уу даа. Тэр болгон төсвөөс цалинжиж, татвар төлөгчдийн халааснаас гарсан мөнгөөр өөрсдийгөө зоргоороо сурталчилж байна гээд бод доо. Дэндүү хайран, үрэлгэн байгаа биз. Засгийн газар хүүхдийн мөнгө зэрэг шалихгүй, шаардлагагүй зүйл дээр хэмнэлтийн бодлого ярихын оронд энэ мэт асуудлаас эхлэх нь нэн тохиромжтой санагдав.
Тэрчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-аас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат, цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэхийг хориглоно” хэмээн тусгасан нь цаасан дээр л хэрэгжиж байна. Төрийн байгууллагууд дотооддоо спортын тэмцээн, уралдаан зохион байгуулж, ойр орчмынхоо хогийг цэвэрлэсэн ч баатарлаг гавьяа байгуулсан аятай мэдээлж, сурталчилдаг. Тэдний бэлтгэн хүргэдэг мэдээ, мэдээлэл, контент, нэвтрүүлгийн дийлэнх нь ч үйл ажиллагаагаа сурталчилсан, пиарын шинжтэй байдаг. Төрийн хэмнэлтийн гэх сүржин тодотголтой хууль хөрсөн дээрээ ингэж л хэрэгждэг бололтой.
Төсвөөс цалинждаг, хэвлэлийн албад данхайх хэрээр редакцын бодлоготой, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах хүн ховордсоныг сэтгүүл зүйн салбарынхан хөндөх болсон. Төрийн байгууллага мэргэжлийн хүмүүсээр баг бүрдүүлэх нэрийдлээр олонд танигдсан гэх сэтгүүлчдийг өндөр цалингаар урвуулан авдаг. Тэгээд нөгөөдүүл нь даргаа өмөөрсөн, захиалгатай мэдээ, нэвтрүүлэг түгээдэг “шүдгүй арслан” болж хувирдаг. Ийм жишээ цөөнгүй. Түүнчлэн төрийн байгууллагууд улам хаалттай болж буй. Хэвлэлийн албаныхан нь сэтгүүлчдийг эх сурвалжтай холбохдоо тун хойрго. Өөрсдийнхөө бэлтгэсэн мэдээ, мэдээллийг “шахахыг” л урьтал болгодог. Цаг үеийн асуудлаар тодруулга, ярилцлага авахаар хандахад “Манай сайтад нийтлэгдсэн ярилцлагыг хараарай”, “Тэр телевизийн нэвтрүүлгийг үзээрэй” гэхчлэн өөрсдөөсөө холдуулдаг. Зарим нь бүр “Ямар агуулга, өнцөгтэй нийтлэл бичих гэж байна вэ” гэж сэтгүүлчдийг шалгааж байж ам нээдэг. Мэдээлэл өгөхөөр тохирчихоод бултах, утсаа авахгүй байх, удаан хүлээлгэх тохиолдол ч бишгүй. Холбож өгсөн мэргэжилтнүүд нь ч “Дарга л энэ талаар ярина” гээд “зугтаачихдаг”. Ерөөс төрийн байгууллагынхнаас, тэр дундаа хэвлэлийн албаныхнаас мэдээлэл авна гэдэг тун бэрхшээлтэй. Хэвлэлийн алба данхайж буйн хэрээр ийнхүү даналзах нь жирийн үзэгдэл болсон гэлтэй.
Бэлтгэсэн: Н.Мишээл