УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барьсан тул Тамгын газрынх нь дарга Я.Содбаатар гишүүдийн асуултад хариулж, тайлбар өгсөн юм. Тэрбээр “Үндсэн хуульд нам, олон нийтийн байгууллага гэж тусгасан байдаг. Тиймээс төрийн бус байгууллагаас тусдаа авч үзэж, нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэж тодорхойлсон. Намын бүх шатны байгууллагуудын хуралдах хугацааг тухайлан зааж, биелүүлээгүй бол татан буулгах хүртэл арга хэмжээ авна. Дээд шүүхэд бүртгэлтэй намуудаас хуульд заасны дагуу тогтоосон хугацаанд хурлаа хийдэггүй, байгуулагдсанаасаа хойш ганц ч хуралдаагүй нь ч бий” гэв.
Мөн уг төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн, доктор О.Мөнхсайхан “Нам бол нэг талаас иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн илэрхийлэл гэдэг утгаараа төрийн бус байгууллагатай төстэй. Нөгөө талаас сонгуулиар дамжуулан төрийн шийдвэр гаргах үйл хэрэгт оролцох онцгой эрхтэй. Тиймээс намыг хэрхэн үүсгэн байгуулах, яаж бүртгэх вэ гэдгийг нэлээд тодорхой болгож тусгалаа. Тодруулбал, намыг бүртгэхтэй холбоотойгоор үүсдэг захиргааны шинжтэй ажлыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцахаар заасан. Харин бүртгэх, эсэх эцсийн шийдвэрийг Дээд шүүх гаргана. Ингэхдээ юуг үндэслэж бүртгэх, ямар шалгуур тавихыг илүү тодорхой болгосон” хэмээв.
Бэлтгэсэн: Б.Уран