Энэ оны байгууллагын зорилтыг “Ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан Ёнсэй их сургуулийн Нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал бөгөөд төрийн удирдлагын тэнхимийн профессор Чой Ён Жүнийг урьж мэдээлэл сонслоо. Тэрбээр БНСУ-ын нийгмийн хамгааллын тогтолцоо, тэр дундаа тэтгэврийн даатгал, сангийн менежмент БНСУ-ын сайн туршлага болон тулгарч буй сорилтын талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн сүүлийн үеийн бодлого чиглэл, статистик мэдээллийг танилцуулж, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Дашрамд дурдахад Ёнсэй их сургуулийн Нийгмийн бодлого, захиргааны хичээл нь 2023 оны их сургуулиудын чансаа тогтоох судалгаагаар дэлхийд 19 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна.