Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хаврын чуулганы эхний хуралдаанд “Сансрын интернэт Монголд нэвтрэхэд тээг болж байсан, хуулиас давсан зохицуулалтуудыг хүчингүй болголоо. Ингэснээр Монгол орны хаана ч, малчны хотонд ч өндөр хурдны интернэт нэвтрэх нь зах зээлийн зарчмаараа хэрэгжих, цаг хугацааны асуудал болсон” хэмээнмэдэгдсэн юм. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-Зөвшөөрлийн тухай хуультай холбогдуулан хүчингүй болгосон шийдвэрүүдийн тухай мэдээлэл өгнө үү. Ямар шалтгааны улмаас цуцлах шаардлага үүссэн бэ?
-Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыгэнэ жилээс мөрдөж эхэлсэн. Хуулийн гол үзэл санаа нь аж ахуйн нэгжид төрөөс учрах дарамтыг багасгах, үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг зөвшөөрлийн төрөл, зөвшөөрөл авахад шаарддаг шаардлагуудыг зөвхөн хуулиар тогтооход оршиж байгаа. Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын 2022 оны 35 дугаар тогтоол гарсан. Тогтоолд зөвшөөрлийн харилцаа зохицуулж байгаа Засгийн газар, төрийн захиргааны төвболон төрийн захиргааны, нутгийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх, холбогдох арга хэмжээ авах тухай үүрэг өгсөн. Үүний хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс өмнө гаргасан журам, чиглэл зэрэг баримт бичигт үзлэг хийж, хуулиас давсан зохицуулалтуудыг хүчингүй болгож байна.
-Энэ шийдвэр сансрын интернэт хэрэглээнд нэвтрэхэд хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Эхний ээлжид гурван төрлийн бодлогын чиглэлийг хүчингүй болгосон. Үүнд хамгийн эхлээд Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэлийг хавсралтаар баталсан 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний А16 дугаартайбаримтлах чиглэлийг цуцалсан. Энэ чиглэлийг Зөвшөөрлийн тухай хуультай холбогдуулж хүчингүй болгож байгаа юм. Тус чиглэлд сансрын интернэтийн үйлчилгээ эрхлэгч байгууллагад тавих нөхцөл шаардлагыг хуулиас давж тодорхойлсон. Зөвшөөрлийн болон Харилцаа холбооны тухай хуулиар бие даасан, хараат бус байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхийг хязгаарласан шинж бас байсан. Дэлхий даяар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хурдтай хөгжиж, хууль, эрх зүйн болон бусад зохицуулалтын орчны хөгжлийн хурд зарим талаараа хоцорч, бодит амьдрал, хэрэгцээ шаардлага, цаг үетэй нийцэхэд бэрхшээл тулгарч байгааг олон улсын болон Монголын бизнес эрхлэгч, энтерпренерүүд хэлсээр ирсэн. Саяхан Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан бизнесийн төлөөлөлтэй хамт дэлхийн хамгийн том харилцаа холбооны салбарын арга хэмжээ болох “Mobile world congress-2023”-т оролцоод ирлээ. Дэлхийд, энэ салбарт маш их өөрчлөлт, хөгжил өрнөж буй. Бид энд хөмөрсөн тогоондоо, дүрэм журмын түгжээнд байж болохгүй. Иймд миний бие яаравчлан өмнө батлагдсан чиглэл, шийдвэрүүдийг эргэн харж, шаардлагагүй болсон, хуулиас давсан, технологийн хөгжлийг гацаасан шийдвэр, зохицуулалтуудыг хүчингүй болгож байна. Үүнээс хойш харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх бүх төрлийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо хуулийн дагуу бие даан шийдвэрлэх болно.
-Сансрын интернэтийн үйлчилгээ эрхлэгч олон улсын томоохон аж ахуйн нэгжүүд манай улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийлдэг ч тодорхой үр дүнд хүрэлгүй өдий хүрсэн. Одоо энэ ажилд ямар ахиц гарах бол?
-Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч “Starlink”, мөн “One web” гэхчлэн олон компани Монголд үйл ажиллагаа явуулах гэхээр төрөөс тавьсаншаардлагуудыг биелүүлж чадахгүй байна гэдэг саналууд тавьдаг. Би сая дэлхийн үүрэн холбооны конгрессын үеэр “One web”, “Space-X” компанийн удирдлагуудтай уулзсан. Эдгээр компани Монголд үйл ажиллагаа явуулахад нээлттэй, салбараа байгуулчихсан ч төрөөс баримтлах чиглэлд тавьдаг шаардлагуудыг нь хангаж чадахгүй байгааг хэлсэн. Тиймээс үйлчилгээ үзүүлэгчийнхээ хувиар манай Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авчихвал Монголд үйл ажиллагаа явуулахад бүрэн нээлттэйгээ илэрхийллээ. Үүнтэй холбогдуулаад бид энэ бодлогыг цуцалснаараа цаашдаа нам орбитын үйлчилгээ үзүүлж байгаа аль ч байгууллага Монгол Улсад Харилцаа холбооны зохицуулах хорооноосзөвшөөрлөө хүсээд, хуулийн хүрээнд үйлчилгээ явуулах боломж бүрдлээ гэсэн үг. Алга дарам цааснаас болоод дэлхийн хөгжлөөс бид гээгдэж болохгүй. Гарын үсэг зураад өөрчилж болох журмаар ололт дэвшлүүдийг хааж болохгүй. Нэг үгээр уламжлалт бус технологийг уламжлалт аргаар зохицуулах нь зохимжгүй байна. Ялангуяа манай салбарт маш олон бодлого, журам саад тотгор болж байгаа. Тэдгээрийн түгжээг тайлах ажлыг бид зохион байгуулж буй юм. Ингээд Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхлэх нь чөлөөтэй боллоо. Үүний хүрээнд сансрын интернэт Монголд орж ирэх бололцоог бид нээж байна. Алс хязгаар, аймаг, орон нутгуудад интернэт хэрэглэх бололцоог чөлөөтэй нээж өгснөөрөө бас давуу талтай.