Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил 669 барилга барьж буй гэнэ. Сүүлийн үед барилгын чанар, газар хөдлөх эрсдэлийг олон нийт хөндөх нь ихэссэн тул шинээр барьж байгаа барилгуудын чанар, аюулгүй байдлыг шалгахаар болсныг Хотын стандарт, хяналтын газраас өчигдөр мэдээлэв. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу холбогдох байгууллагынхан урьдчилсан хяналт шалгалт хийх боломж бүрджээ. Үүний дагуу өдгөө барьж буй барилгуудын зураг төсөл, материал, хийц нь стандартад нийцэж байгаа, эсэхийг мэргэжлийн байцаагч, инженерүүд урьдчилсан байдлаар хянаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах аж. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөл аваагүй хэрнээ барьж эхэлсэн 55 барилга байгааг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдээлсэн юм. Тэдгээр барилгын ажлыг зогсоох, холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор дээрх газрынхан ажиллаж буй гэнэ.