Эмэгтэй реппер Ники Минаж ирэх сарын 2-нд Нью-Йорк хотноо болох “Оны онцлох эмэгтэй уран бүтээлч” шалгаруулах ёслолын ажиллагаанд оролцох урилга хүлээн авчээ. Тэрбээр уг сэтгүүлийн “Өсөх ирээдүйтэй дуучин”-аар шалгарсан юм. Каунтри дуучин Тэйлор Свифтэд “Оны онцлох эмэгтэй уран бүтээлч”-ийн шагнал гардуулах үеэр Ники Минаж ч мөн гар хоосонгүй байх нь.
Түүний сүүлд гаргасан “Pink friday” цомог 1.6 сая хувь борлогдсон төдийгүй “Super bass” дуу нь “Биллбоард”-ын жагсаалтын гуравдугаарт бичигдсэн аж. Өдгөө 28 настай реппер бүсгүй саяхан болж өнгөрсөн “Аmerican music awards”- аас шилдэг хип поп дуучин, шилдэг хип поп цомгийн эзнээр шалгарч шуугиан тарьсан юм. Сонирхуулахад, “Биллбоард”- ын “Өсөх ирээдүйтэй дуучин” шагналыг өмнө нь Лэди Гага, Колби Кайллат нар хүртэж байжээ.