Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Хямралын мэдээллийн харилцаа: Оролцогч талуудын хамтын ажиллагаа” төслийн II шатыг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь Монгол Улсаас гадна Киргизстан, Молдав, Кени, Замби зэрэг улсуудад хэрэгжиж буй олон улсын хэмжээний төсөл юм. Эдгээр улсуудын туршлага солилцох цахим уулзалт 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр боллоо.
Уулзалтын үеэр талууд чадавхжуулах сургалтаас сурч мэдсэн зүйлсээ ярилцаад, үүндээ тулгуурлан зорилтот бүлгүүдэд хэрхэн мэдээлэл түгээж буй туршлагаа хуваалцав. Тухайлбал Кени Улсын тухайд сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй улс төрийн тогтворгүй байдал үүссэн тул тухайн хямралыг даван туулахад чиглэсэн мэдээллийг бэлтгэж ажиллаж буй бол, Молдавын баг эрчим хүчний хомсдолоос үүдсэн хямралын үед иргэдийн мэдэж байвал зохих мэдээллийг түгээж эхэлсэн байна.
Монгол Улсын багийн тухайд чадавхжуулах сургалтдаа хамрагдаж дууссан бөгөөд, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэдэд хандсан мэдээлэл харилцааны ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Багийн гишүүдэд төрийн байгууллагыг төлөөлж ЦХХХЯ-ны Харилцаа холбоо, гамшгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Отгон, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн Ахлах шинжээч Д.Дагийсүрэн, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн Д.Ариунзаяа оржээ. Хэвлэл мэдээллийг төлөөлж "Тэнгэр" телевизийн сэтгүүлч, продюссер Б.Батцэнгэл, "Зууны мэдээ" сонины сэтгүүлч П.Амгаланбаяр, GoGo.mn сайтын сэтгүүлч А.Наранцацрал эл багшт ажиллаж буй. Иргэд, зорилтот хороог төлөөлж Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Нийгмийн ажилтан М.Мөнхзул, Ерөнхий боловсролын 37-р сургуулийн Нийгмийн ажилтан Н.Батболд, хорооны иргэн Ч.Энхцэцэг нар багтаж байна.
“Хямралын мэдээллийн харилцаа: Оролцогч талуудын хамтын ажиллагаа” төслийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн холбооны яамны дэмжлэгтэйгээр Дойче Велле Академитай хамтран хэрэгжүүлж байна.