Леонардо да Винчигийн “Savior of the World” буюу “Ертөнцийг аврагч” бүтээлийг эрдэмтэн, судлаач, цуглуулагчид хэдэн зууны туршид хайсан гэдэг. Учир нь их зураач тэрхүү бүтээлийнхээ хар зураг, тэмдэглэл огт үлдээгээгүй төдийгүй 1600-1649 онд амьдарч асан Английн Чарльз I хаан “Ертөнцийг аврагч”-ийг эзэмшиж байсан гэдгээс өөр мэдээлэл байсангүй. Тэгвэл Америк, Европын судлаачдын хамтарсан баг нууцлаг бүтээлийг олж, өнгөрсөн долоо хоногт Лондоны үндэсний галерейд дэлгэн, олны хүртээл болгосон тухай “Art news” сэтгүүл мэдээллээ.
Есүс Христийг зүүн гартаа шилэн бөмбөрцөг барьж, баруун гараа адис өгөх мэт өргөсөн дүрслэлтэй бүтээсэн уг зургийг Америкийн урлагийн зуучлагч Роберт Саймон хадгалж байжээ. Зургийг тэрбээр 2005 онд нэгэн хуучин эдлэлийн дэлгүүрээс худалдан авсан гэнэ. Хэдийгээр Р.Саймон өнгөрсөн долдугаар сард судлаачдад хандсан ч Леонардо да Винчигийн бүтээл мөн эсэхийг нь судлан ийн удсан аж. Ихэнх судлаачид “Ертөнцийг аврагч”- ийг да Винчигийн уран бүтээлийн Миланы үе бу юу 1490 оны сүүл хэсэгт хамруулж буй.
Өөрөөр хэлбэл, “Сүүлчийн оройн зоог”-той нэг цаг үед “мэндэлсэн” гэсэн үг. Тэгвэл “Ертөнцийг аврагч”-ийг Леонардо да Винчи ”Мона Лиза”-тай нэг үед буюу 1500 оны эхэн үед Флоренцид байхдаа бүтээсэн гэх судлаачид ч бий. Тус бүтээл багаар бодоход 200 сая ам.долларын үнэ хүрэх гэнэ. Лондоны үндэсний галерей уг бүтээлийг олонд дэлгэхийн тулд 800000 ам.доллар төлжээ. “Ертөнцийг аврагч” ирэх оны хоёрдугаар сарын 5 хүртэл англичуудын мэлмийг мялаах аж.
Б.ГАНДИ