Дэлхийн хоёр дахь том зах зээлтэй Хятадын үйлдвэрлэл энэ сард буурч магадгүй байгааг эдийн засгийн индексүүд илтгэж байгаа гэнэ. БНХАУ-ын ерөнхий сайд Вэн Зиабо “Өнгөрсөн сард экспортын хэмжээ буурч, жижиг бизнес эрхлэгчдэд зээлийн нөхцөл хүндээр тусах болсон. Үүнд Европын өрийн хямрал голлон нөлөөлсөн” гэж ярьжээ. Тус улсад инфляцын хэмжээ өсч буй нь эдийн засгийн өсөлтийг урьдчилан тооцоолсноос нь буурахад хүргэж байгаа аж.
Хонконг дахь HSBC банкны эдийн засагч Цюй Хунбинь “Бээжингийн бодлого боловсруулагчдын хувьд инфляцын төвшин нэн түрүүнд шийдэх асуудал болоод байна. Тэд мөнгөний бодлогоо өөрчлөх болов уу” гэж ярьжээ. БНХАУ-ын Засгийн газраас ирэх онд хүүгийн төвшнөө барихад анхаарна гэж “Bloomberg”-ийн эдийн засагчид таамаглаад байгаа аж. Хонконг дахь “Credit Agricole CIB” хөрөнгө оруулалтын банкны ахлах стратегич Дариуц Ковалчик “Аж үйлдвэрлэл буурч байгаа нь БНХАУ гэлтгүй Ази, дэлхий даяар болж буй үзэгдэл. Хөрөнгө оруулагчид эдийн засгийн уналтад хамгийн ихэр санаагаа чилээх болсон” гэжээ.
Түүнчлэн “Zoomlion Heavy Industry Science & Technology” компанийн ерөнхий захирал Жан Чаншин “Хүнд үйлдвэрийн машин механизмын эрэлт огцом буурах болсон. Энэ нь ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй” хэмээжээ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ирэх оны эхний хагаст 7.5 хувиар доошлох магадлалтай байгаа гэнэ. Энэ оны гуравдугаар улиралд дээрх тоо 9.1 хувь байжээ. Гэлээ ч Дэлхийн банкнаас одоогийн нөхцөл байдал Хятадад тийм ч хүндээр тусахгүй гэж үзжээ. Тус байгууллагын таамаглаж буйгаар Хятадын ДНБ ирэх жил 8.4 хувиар өсөх гэнэ.