Хөрсний суулт үүсэж, барилгууд нурах эрсдэлтэй болсон, Энэтхэгийн умард нутгийн Уттаракханд мужийн Жошимат хотоос 600 орчим өрхийг нүүлгэн шилжүүлэхээр тус мужийн эрх баригчид шийдсэн тухай NDTV телевиз мэдээллээ. Эрсдэлд өртсөн хүмүүсийг нисдэг тэргээр яаралтай тээвэрлэх гэнэ. Тус мужийн эрх баригчид олон зуун оршин суугчдаа зориулан түр баазууд байгуулж байна. Энэтхэгийн Засгийн газар геологич болон бусад мэргэжилтний оролцоотойгоор Жошимат дахь хөрс суултын шалтгааныг судлах комисс байгуулахаар болжээ. Мөн эл хотод Гамшгийн эсрэг үндэсний хүчний анги, нэгтгэлийг илгээх гэнэ.
17000 орчим оршин суугчтай энэ жижиг, уулын хотод суулт үүссэн шалтгааныг хөрсний уст давхаргын эвдрэлээс болсон хэмээн урьдчилсан байдлаар дүгнэж байна. Сүүлийн өдрүүдэд барилга байгууламж, зам талбайд асар том хагарал үүсэж, олон байшин сууж, нурж эхэлжээ. Тус хотын нэг сүм нурсан нь оршин суугчдыг улам сандаргасан гэнэ.
Жошимат хот нь эртний хэд хэдэн сүмтэй, сургаал нь Энэтхэг даяар алдартай хувилгаан, хинду шашныг шинэчлэгч Ади Шанкара номлолоо түгээсэн түүхэн дурсгалт газар юм. Тэрчлэн энэ хот домог төгүүлснээр хинду шашинтнуудын ариун дагшин судруудыг бичсэн, Бадринат хэмээх ариун сүм хотруу чиглэсэн, уламжлалт мөргөлийн замд оршдог аж.