Оросын хөгжмийн зохиолч, агуу П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетгүйгээр шинэ жилийг төсөөлөх боломжгүй. 1892 онд тайзнаа анх толилуулсан эл бүтээл өнөө цагт дэлхийд цуутай бүх театрын урын санд буй. Монгол үзэгчид 1982 онд эх орныхоо сонгодог тайзан дээр “Цөмөөхэй”-тэй танилцсан түүхтэй. Үүнээс хойш жил бүрийн арванхоёрдугаар сард энэхүү балетыг толилуулдаг болсон бөгөөд сүүлийн жилүүдэд уран бүтээлчдийн баг улам өргөжин, сонгодог бүжгээр хичээллэдэг мэргэжлийн болон сонирхогч багачууд, хүүхдүүдийг оролцуулдаг болсон нь талархууштай. Эл бүтээлийн хамгийн гол онцлог нь хүүхдүүдийг өргөн оролцуулдаг явдал гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ бол багачуудад зориулсан, цөөхөн сонгодог бүжгийн жүжгийн нэг. Сүүлийн жилүүдэд олон орны уран бүтээлчид “Цөмөөхэй”-н сонгодог дэг жаягийг алдагдуулахгүйгээр, шинэчлэн, сонирхолтой маягаар найруулан тавих болсон. Манай ДБЭТ-ын тайзнаа ч олон янзын тавилттайг толилуулж байсны нэг нь Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн “авчирсан”, АНУ-ын алдарт “Бостон балет” компанийнхан найруулсан “Цөмөөхэй” бөгөөд тайз заслын хувьд цоо шинэ мэдрэмж, өнгө төрхийг “амсуулсан”. Тэгвэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31, шинэ оны эхний хоёр өдөр “Степпе арена” мөсөн ордонд толилуулсан “Щелкунчик ба ид шидийн орон” медиа арт тоглолт эл бүтээлийг бас нэгэн шинэлэг төрхөөр харуулсан юм. Техник, технологийн хөгжлийн гайхамшгийг сонгодог бүжгэн жүжигтэй “сүлэх” зоригтой алхам хийж, уламжлалт буюу сонгодог театрт бус, энгийн тайзнаа бүр тодруулбал мөсөн ордонд толилуулсан хүн нь Ц.Цолмонбуд. БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг “Элит балет” компанийн ерөнхий найруулагч түүний найруулан тавьсан эл бүтээлийн онцлог нь тайз, дэлгэцийн өвөрмөц шийдлийг хослуулсанд оршино.
150-иад жилийн түүхтэй сонгодог балетыг виртуал орчин, 3D технологи бүхий медиа арттай хослуулсан нь нэлээд “аймаар” шийдэл байсныг юуны өмнө онцолъё. Жишээ нь, сонгодог тайзнаа бид хулгануудыг “амьдаар” нь харах боломжгүй. Тэгвэл “Щелкунчик ба ид шидийн орон”-д хэдэн мянган хархыг дэлгэцээр бодитоор харуулсан нь үйл явдлын өрнөлийг улам хүчтэй, сонирхолтой болгожээ. Гэнэт бөөн хулгана нүдний өмнүүр гүйлдэхэд жаахан “сүрдмээр” санагдсан. Мөн хайрцагт байсан тоглоомон харх, хүүхэлдэй болон Цөмөөхэйг шидтэн Дроссельмейер саваа модоо дохих төдийхнөөр “амилуулан” тайзнаа гаргаж ирсэн нь тун “хөөрхөн” шийдэл болжээ. Тэр үзэгдлийг хүүхдүүд дуу алдан хөөрөн, алга ташилтаар мялааж байлаа.
Зохиолын гол баатар Клара охины зүүдэнд өрнөх үйл явдлуудыг виртуал орчны тусламжтайгаар тодорхой үзэж, цас, мөсний гайхамшигт орон, хулгануудын ордонд очоод “ирлээ”. Ид шидийг “бодит” болгосон Ц.Цолмонбуд “2019 онд “Элит балет” компанийнхан маань “Щелкунчик ба ид шидийн орон”-ыг уламжлалт сонгодог хэлбэрээр нь БНСУ-д анх толилуулж, 2021 онд медиа арт хэлбэртэй хослуулснаар мөн хүргэсэн. Балетыг техник, технологийн шинэчлэлтэй хослуулах санаагаа хэрэгжүүлэхийн тулд олон жил судалгаа хийж, энэ талын үзэсгэлэн яармагуудад очих зэргээр эрэл хайгуул хийсний үр дүнд өнгөрсөн онд бодит болгож чадсан. Балетыг медиа арттай хослуулсан бүтээлийн хувьд олон улсын хэмжээнд анхдагч болсон нь бидний амжилт, баяртай байна. Сонгодог уламжлалыг нь эвдэхгүй байх тал дээр анхаарч ажилласан, үүний тулд багагүй судалгаа хийж, чамлахааргүй туршлага хуримтлуулсан. Ийм том, шинэлэг бүтээлийг бодит болгоход “Элит балет”-ын продюсер, захирал, найруулагч, тэргүүн гоцлооч Чон Хэ Юуны хүч, хөдөлмөр их бий. Тэрбээр “Щелкунчик ба ид шидийн орон”-ы гайхамшгийн орны хатан хааны дүр бүтээсэн” хэмээн ярилаа.
Элбүтээлд 200 гаруй уран бүтээлч оролцсоныг тэрбээр онцолсон бөгөөд уг багийн бүрэлдэхүүнд БНСУ-ын хэд хэдэн балетчин бий. Энэ талаар “Чон Хэ Юун “Би Монголын балетчидтай хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Угбүтээлд оролцсон балетчин хүүхэд, багачууд, бүжигчидтэй хамтарч ажиллахад таатай байлаа” гэв.
“Цөмөөхэй”-г орчин цагийн техник, технологийн дэвшилтэй хослуулсан уг тоглолтын хувцасны дизайнераар Кадрыг сонгосон нь бас их учиртай гэсэн. Тэрбээр “Хүүхэд насныхаа төсөөлөл, мөрөөдлийг бодит болгох боломж олдсонд маш их олзуурхан талархаж хүлээж авсан” талаараа хэвлэлийн багахурлын үеэр онцолсон аж.
Монголын мөсөн ордонд гурван өдөр толилуулсан эл бүтээлийн өөр нэгэн гол баатар нь хүүхэд, багачууд, тэднийгээ гайхамшгийн орноор аялуулж сайхан дурсамж бүтээлцсэн аав, ээж нар байсныг онцолъё. Үзэгчдийн олонх нь үнэхээр магтууштай, талархууштай соёлтой, үлгэрлэлтэй байлаа. Тоглолт эхлэхээс өмнө суудлаа эзэлсэн тэдний дунд ганган даашинз, хослолтой нь олон харагдсан. Аав, ээж нар ч хүүхдүүдээсээ дутахгүй “гангалж” театраар, урлагаар үйлчлүүлэх соёлыг харуулахын зэрэгцээ шинэ оны уур амьсгалыг жинхэнэ утгаар нь бүрдүүлэн иржээ. Сайны хажуугаар бас таагүй үзэгч ч цөөнгүй байв. Бусдын суудал эзэлчихээд босохгүй гүрийх хоёр залуу хөгжимтэй зэрэгцэн хууч хөөрөх нь төвөгтэй. Тэдний суудлын дугаартай тасалбар барьсан хэдэн хүн хоцорч ирчихээд бөөн асуудал үүсгэж, мөсөн ордны үйлчилгээний ажилтан бүсгүйг сандаргаад авсан. Тоглолтын цагаас хоцрох нь бүдүүлэг ч аргагүй тийм байдалд орсон бол чимээ гаргахгүй, сул сандал хайх нь хамгийн зөв шийдэл гэдгийг тэд мэдэхгүй биш, зориуд шуугиан тарьчих шиг болсон. Үзэгчдийн соёл хэр түвшинд хүрснийг илтгэх өөр нэг жишээ. Тоглолт эхлэх болсныг сануулах хонхтой зэрэгцэн алга ташиж, нижигнүүлэх аав, ээж нар сайн үлгэрлэлийг хүүхдүүддээ үзүүлэв. Завсарлага дуусах дөхөх үед ч тэд мөн л алга ташин цаг болсныг сануулсан юм. Хөөрөн гүйлдэх хүүхдүүддээ ч тэд тун сайн тайлбарлан ойлгуулж байгаа харагдсан. Мөсөн ордонд Цөмөөхэйтэй хамт ид шидийн орноор аялсан үзэгчдийн дунд энэ мэтээр уур амьсгал үнэхээр таатай байж, тайзнаа уран бүтээлчид гайхамшгийг бүтээлээ, та бүхэндталархан мэхийн ёсолъё.