Хятадын хүн амын байдлыг ажихад хоёр хандлага илт болсон байна. Юуны урьд хөгширч байна. Хөгшдийн тоо нэмэгдэх хурдаас хүүхэд төрүүлэх явц хоцорчээ. Нөгөөх нь хүйсийн харьцаа алдагдаж буй аж. Энэ нь мэдээж “нэг хүүхэд” гэдэг бодлого хийгээд хэвлийд олдсон хүүхдийн хүйсээс хамаарч үр хөндүүлдэгтэй холбоотой. Одоо Хятадын хүн амын дотор эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ 15 саяар илүү гарчихаад байна. Ирэх 10 жилд энэ зөрүү улам ихэснэ. Тэгээд 30 сая эр хүн “илүүднэ”. Өөрөөр хэлбэл, өдий тооны хятад эрд гэргий олдохгүй нь. Хүн амын доторх энэ мэт үзэгдэл Хятадын эрх баригчдын тархийг гашилгах боллоо. Ахмад настай хүмүүсийн тоо нэмэгдэх тусам нийгэмд тэдний учруулах дарамт ихэсч, энэ нь эдийн засгийн өсөлтийг ч удаашруулж мэдэхээр болж буй юм байна.
Сүүлийн 20 жилд Японы эдэлж байгаа “хөгшрөхийн” зовлонг давтахыг Хятадын удирдлага хүсэхгүй байгаа юм. Эр хүйстний тоо хүн амын дотор давамгайлах нь яваандаа тогтворгүй байдал бий болгож, хүчирхийллийг дэврээдэг нь түүхээс харагддаг. Тухайлбал, алан хядах ажиллагаа үйлдэгчдийн дотор эхнэргүй эрчүүд дийлэнх байдаг аж. Бээжингийн хувьд нүүрлээд буй бэрхшээл Өрнөдөд одоогоор алга. Хятадын хүн амын энэ хандлага Өрнөдийн эрх ашигт янз бүрийн байдлаар нөлөөлж болох юм. Бээжин дотоод асуудалдаа илүү анхаарахын хэрээр түүний эдийн засгийн өсөлт удааширч, Хятад улс өсөн дэвжих, бусдад “аюул” учруулах хэмжээ нь багасна. Түүгээр ч барахгүй гоонь эрчүүдийн зарим нь амьдралаа олигтой авч явж чадалгүй, хөл алдвал эрх баригчидтайгаа тэрсэлдэж ч болзошгүй. Тэгвэл үүний үр дагавар нь Өрнөдөд үлэмж ашигтай байх болно. Эхнэргүй эрчүүд урам хугарсанаасаа болж цэрэг дайны түрэмгийлэл рүү хошуурвал их аюултай. Ийм явдал бидний өнгөрсөн үед байсан юм.
Гучин жилийн өмнөөс хүн амынхаа өсөлтийг хязгаарлахаар явуулсан бодлогоныхоо хор уршгийг Хятад улс одоо амсаж байна гэж Өрнөдийн хэвлэлд бичих боллоо. “La Stampa” сонинд бичсэн өгүүлэлдээ Илаия Мария Сала “Эм хүйстнүүд эрэлттэй болсон нь төлбөрийн чадвартай хятад эрчүүдэд гадаадын бүсгүйчүүдийг санал болгодог байгууллагуудын тоог өсгөж байна. Үйл ажиллагаагаа ил тод явуудаг ийм агентлагууд юуны түрүүнд вьетнам хүүхнүүдийг Хятадын тосгодын эрчүүдтэй холбож өгдөг аж. Тэгэхдээ вьетнам бүсгүйчүүд урьд нь эр хүнтэй хавьтаагүй, дуулгавартай байхаас гадна эхний эмэгтэй нь яваад өгвөл дахин өөрийг олж өгөх болзолтой байдаг. Ил тод ийм бизнесийн зэрэгцээ эмэгтэйчүүдийг хулгайлж зарах явдал ч их болжээ” гэж өгүүлсэн байх юм. Цааш нь “Хэбэй мужийн цагдаагийн байгууллага “амьд бараа” наймаалцдаг хүмүүст хулгайлагдсан 3500 хүүхэд, эмэгтэйчүүдийг сүүлийн хоёр жилд илрүүлж суллажээ.
Гэмт хэргийн сүлжээ Монгол, Умард Солонгос, Бирм, Вьетнамтай залгаа Хятадын хил дээр байдаг аж. Хууртагдаж юм уу хулгайлагдаад Хятадын зах хязгаар нутаг руу цөлөгдөж, яг л хоригдлууд шиг аж төрж байдаг эмэгтэйчүүдийн тухай айдас төрүүлэм зүйлийг Хятадын хэвлэлүүд байсгээд нийтлэх болжээ. Тэгэхдээ уг явдал сайн сайхнаар төгсөж байгаагаар л бичдэг байна” гэжээ. Хүн наймаалах гэмт хэрэгтэй 2009 оноос тэмцэж эхэлсний дүнд ийм бизнес эрхэлдэг 429 бүлэг, 552 хүнийг цагдаагийн байгууллага илрүүлсэнийг Хэбэй мужийн Аюулаас хамгаалах зөвлөлийн гишүүн Ян Цели мэдээлсэн байна. Тэгвэл хүүхэд төрүүлж өгөх шаардлага тавж, хүүхнүүдийг хууль бусаар хорьж байдаг бүлгийнхнийг Шаньдун мужид баривчилжээ. Тэдгээр эмэгтэйн төрүүлсэн хүүхдийг мөнгөөр худалдаж авах зорилготой байсан аж.
Эрэгтэй хүүхдийг 50 мянга (бараг 6000 евро) хүртэл юань, эмэгтэй хүүхдийг 30 мянган (3500 орчим евро) юаниар авдаг байна. Нөгөө ертөнцөд ч “хүн” гоонь байх нь муу ёр гэж Хятадын зарим нутагт үздэг гэнэ. Авгай авч чадалгүй байсаар бурхан болсон ойр дотныхныхоо мөнхийн “жаргалыг” хангахад Хэбэй, Хэнань, Шаньси зэрэг мужийн тариачид гар татдаггүй аж. Хүү нь өөд болохоор тэд нас ойролцоо эмэгтэйн цогцсыг хайна. Олбол тэнд ч гэсэн ядахнаа хоёул байг гээд ойр нутаглуулна. Энэ бол тийм ч амар бүтдэг ажил бас биш. Бүр Минь удмынхны хаанчлалын үеэс сахиж ирсэн энэ заншлыг мухар сүсгийг үл таашаадаг коммунистууд таслахыг шаргуу оролдсоор иржээ. Хэбэй мужийн Сун Тяньтан гэгч эр энэ бурангүй заншлаа сахихад нь хүмүүст туслахаар шийдэн амь үрэгдсэн хүүд нь 3-4 мянган юаниар “хань” олж өгөх санал тавьсан байна.
Одоо 52 настай энэ эр 1998 оноос энэ үйл ажиллагаагаа эхэлж, шарил ухаж байгаад баригдан хоёр жил хоригдох ял авч байж. Өөрийгөө зөв ажил хийж байгаа гэдэгт эргэлздэггүй болсон тэрбээр суллагдмагцаа түүнийгээ үргэлжүүлсэн аж. Тэгэхдээ аргаа өөрчилсөн байна. Шарил ухахын оронд залуу охидыг алж, цогцсыг нь хүмүүст өгдөг болжээ. Тэрбээр зургаан эмэгтэйн аминд хүрчээ. Эхний дөрөв нь ухаан мэдрэл сайнгүй, харанхуй бүдүүлэг хүүхнүүд байв. Хөдөө замд тэдэнтэй тааралдаад дугуйндаа сундалж яваад амийг нь хороож орхиж. Сүүлчийн хоёр нь болохоор ажил хайж явжээ. Мань эр гэрийг нь цэвэрлэж, нохойг нь харж хандаж байвал тэдэнд сард 650 юань өгье гэжээ. Энэ хоёр бүсгүйн гэрийнхэн нь цагдаад мэдэгдсэн байна. Ертөнцийн жамаар өөд бологсдын цогцсыг их муудаагүй байхад нь авах хүмүүсийг хайж олох “ажил” хийдэг, үүнийг нь тосгон даяараа мэддэг гурван хүнийг цагдаа нар эхлээд баривчилжээ. Үхэгсдийн хийгээд хойт насанд нь түүнтэй суулгах бүсгүйн наснаас хамаарч үнэ нь дээш, доош болдог гэнэ.
Ийм хэргээр мэрэгжсэн Хэбэй мужийн нэгэн өмгөөлөгч “Нэгэн залуу ахтайгаа хамт оршуулах залуу бүсгүйн цогцсыг 20 мянган юаниар авахыг санал болгож байсныг би мэднэ” хэмээн ярьжээ. Энэ мэт явдал их түгээмэл аж. Тэр ч бүү хэл чандрыг ч үнэ төлж авах нь байдаг байна. Хэнань мужийн Аньян хотын шарил хадгалах газрын ажилтан дээр өгүүлсэн Сунын сүлжээнийхний хэргийг “Бээжингийн мэдээ” сонинд бүр сурталчилгаа болгож ашигласан аж. Тэр сурталчилгаанд “Эрд гараагүй, өвчнөөр нас барсан 37 настай эмэгтэйн чандарласан цогцос надад байна. Түүнд “хань” олохыг гэр бүлийнхэн нь хүссэн юм. Чандрыг 3000 юаниар бол өгчихнө” гэсэн байжээ. Сун ийм бизнесийг зөвхөн мөнгө олох гэж л хийдгээ хүлээжээ. “Би саятан болохыг хүсдэг. Ажил нь бүтэлтэй яваа бизнесменүүдэд атаархдаг” гэж тэрбээр мөрдөн байцаагчид хэлсэн байна.
“Бээжингийн мэдээ” сонины сурвалжлагчдыг Сун Тяньтантай ярилцахыг эрх баригчид зөвшөөрчээ. Тэр ярилцлагын багаахан хэсгийг сонирхуулбал:
-Цогцсыг нь худалдаж мөнгө олохын тулд хүн алах бодол Танд яаж төрөв?
-Хатаж хорчийсон цогцос хямд үнээр зарагдахаас гадна түүний эрэлт ч бага. Тэгвэл “шинэ” цогцос үнэ хүрдэг. Өрөө төлөх шаардлага надад байсан.
-Та яагаад оюуны хомсдолтой эмэгтэйчүүдийг сонгож алсан юм бэ?
-Ийм хүмүүсийг алга болчихсон хойно ар гэрийнхэн нь эрж сураад байдаггүй юм. Нөгөө талаар тэдний амийг хорооход өөрсдөө эсэргүүцэл үзүүлдэггүй.
-Цогцсыг хүмүүст худалдахдаа юу гэж хэлдэг вэ?
-Цогцос бүрт өөр өөр юм бодож олж хэлдэг. Нэрийг нь худал хэлнэ. Худалдан авч буй хүмүүс надаас ямар ч бичиг баримт нэхдэггүй. Цогцсыг худалдахын өмнө би улаан өнгийн хувцас авч “өмсүүлдэг” байсан. Тэднийг нөгөө ертөнцөөс буцаж ирэхгүй байхыг хүсдэг. Би тэднийг цагаас нь арай эрт л болохоос биш диваажин руу нь л явуулж буй юм шүү дээ…
Р.ЖАРГАЛАНТ