Серби үндэстэн олноороо амьдардаг Косовогийн хойд нутагт өнгөрсөн амралтын өдрүүдэд хурцадмал, эмх замбараагүй байдал үүссэн тул Сербийн Ерөнхийлөгч тус улсын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдааныг зарлав. “Өнөөдөр миний хувьд Ерөнхийлөгч болсноос хойших хамгийн хүнд өдөр байлаа. Би сербичүүдийг өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалж байна” гэж хуралдааны дараа Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдээд, Косовогийн хойд нутаг болон Метохия дахь сербичүүдийг тайван байж, энхийг эрхэмлэхийг хүсжээ. Косовогийн эрх баригчид энэ сарын 18-нд товлосон, Сербийн мужуудын олонход болох орон нутгийн сонгуулийн улмаас тус бүс нутагт үүссэн хурцадмал байдал сүүлийн үед улам ширүүссэн аж. Сербийн улс төрийн гол нам эдгээр сонгуулийг бойкотлохоо мэдэгдсэн. Косовогийн эрх баригчдыг бие даасан хууль сахиулах байгууллагуудтай болоход дэмжлэг үзүүлэх үүрэгтэй Европын Холбооны төлөөлөгчийн газрын эргүүл рүү ням гаргийн шөнө үл таних хүмүүс гэрэл, дуут гранат шидэж, цагдаа нартай буудалцсаны дараа байдал хурцаджээ.
Үүний өмнө Сербийн цагдаа асан Деян Пантичийг баривчилсан нь үймээн самууныг өдөөсөн аж. Түүнийг баривчилсныг эгдүүцсэн олон зуун серби иргэд Косово, Серби хоорондын хилийн боомтоор дамждаг замын хөдөлгөөнийг саатуулсан байна. Д.Пантич нь өнгөрсөн сард хойд сербичүүдийг автомашины дугаараа Сербиэс Косово руу орохдоо солихыг эсэргүүцэн ажлаа өгсөн 600 цагдаагийн нэг байсан юм. Косовогийн эрх баригчид дугаараа заавал солихыг шаардсанаар өнгөрсөн зун мөргөлдөөн эхэлсэн аж.