Дорнын уудам говийг зүсэн “Улаанбаатар төмөр зам”-аас гадна дахин нэг ган зам зурайжээ. Түүгээр зорчигчийн анхны галт тэрэг Ханги-Мандалын боомт хүрэхээр довтолгоно. Галт тэргэнд суусан зорчигчдын олонхыг Зүүнбаян-Ханги чиглэлийн хилийн төмөр замын нээлтийг сурвалжлахаар зорьж яваа сэтгүүлчдийн баг бүрдүүлэв. Вагоны цонхоор байсхийгээд сүрэг хулан харагдаж өнгөрнө. Хэд хэдэн удаа ойролцоогоор 300-400 хулантай суурь ч тааралдсан. Дорноговь аймгийн Мандах, Улаанбадрах, Хатанбулаг сум хулангийн нутаг аж. Хулангийн сүрэг төмөр замын дэргэд галт тэрэгнээс үл үргэн идээшлэх нь говийн зэрлэг амьтан шинэ бүтээн байгуулалттай аль хэдийн ижил дасал болсныг илтгэнэ.
Монгол Улс далайд гарцгүй цөөн орны нэг. Тиймээс төмөр замын сүлжээгээ өргөтгөх, хөгжүүлэх чухал шаардлагатай. Учир нь далайд гарцгүй орны хувьд хамгийн өртөг багатай хямд төсөр тээврийн хэрэгсэл нь галт тэрэг байдаг. Тодруулбал, төмөр зам авто тээврээс 2-3 дахин бага өртөгтэй байдаг билээ. Эдийн засгийг цустай зүйрлэвэл судас нь тээвэр ложистикийн сүлжээ юм. Тэгэхээр төмөр зам нь Монгол орны хувьд хөгжлийнх нь гол судас гэж хэлж болно. Шинэ төмөр замаар өмнө зүг довтолгож явах зуур холбогдох хүмүүс ирэх сарын 10 гэхэд үүгээр “Болд төмөр Ерөө гол” компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянгол дахь уурхайгаас төмрийн хүдэр тээвэрлэн экспортлохоор төлөвлөж буйг дуулгав. Ханги-Мандалын боомтын төмөр замын хил холболтыг хэрхэн хийхээ Монгол болон БНХАУ-ын тал тохиролцож, ажлыг нь эхлүүлээгүй байгаа. Тиймээс төмрийн хүдрийг Ханги өртөө хүртэл төмөр замаар тээвэрлээд, автомашинаар хил давуулахаар төлөвлөсөн гэнэ. Хангийн төмөр зам хэмээх хөгжлийн судас ийнхүү лугшиж эхэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэл сүх энэ өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Түүний айлчлалын үеэр Ханги-Мандалын боомтын төмөр замын хил холболтыг хэрхэн гүйцэтгэхийг өмнөд хөршийнхөнтэй тохиролцоно гэсэн хүлээлт бий.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км замыг “Монголиан транс ложистик”, “Монголиан транс лайн” компанийн нэгдэл найман сарын хугацаанд тавьж дуусгажээ. Уг төмөр замыг тавьж эхлэх үед “Монголиан транс лайн” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяржаргал “Найман сарын хугацаанд төмөр замыг тавьж дуусгахаар төлөвлөсөн” гэж байв. Уг төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон хүмүүс түүний үгэнд итгээгүй юм. Гэвч хөрөнгө оруулалтаа шийдвэрлэж, ажлыг зөв зохион байгуулж чадвал монголчууд том төслийг богино хугацаанд чанартай гүйцэтгэж чадахыг хувийн хэвшлийнхэн харууллаа. Эл төмөр замыг тавихад 14 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэжээ. Тэгвэл Улаанбаатар хот Дархан-Уул аймгийг холбосон авто зам тавихад таван сая шоо метр газар шорооны ажил хийсэн. Хангийн төмөр замыг тавихад үүнээс гурав дахин их газар шорооны ажил хийсэн байгаа биз. Дархан-Уул чиглэлийн авто замыг зургаан жил тавиад ч бүрэн дуусгаж чадаагүй байна. Эндээс төрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх арга барил хувийн хэвшлийнхнээс хэр хоцорсон нь харагдана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийнсайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын албаны хүмүүс өнгөрсөн баасан гаргийн гал морин цагт Улаанбаатараас нисдэг тэргээр “Ханги” өртөөнд очиж, Зүүнбаян-Ханги чиглэлийн зам төмрийн бэхэлгээг чангалснаар албан ёсоор нээлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт Гашуунсухайт, хүнс болон бусад бараа Замын-Үүдийн боомтоос хамааралтай. Ханги бол Гашуунсухайт, Замын-Үүд хоёрын дундах төмөр замаар холбогдсон боомт гэдгээрээ ач холбогдолтой. Хангийн төмөр замаар экспорт, импортын тээвэр хийснээр хоёр боомтын ачаалал багасна. Үүнээс гадна экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна” гэв. Мөн тэрбээр “Хангийн төмөр замыг ашиглалтад оруулсан нь боомтын боймыг тайлж байгаа стратегийн эхний нүүдэл гэж хэлж болно. Цаашлаад Шивээхүрэн, Бичигтийн боомтыг төмөр замаар холбоно. Ингэснээр манай улсын экспорт 3-4 дахин нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2-3 дахин өснө” гэж ярилаа.
УИХ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2010 онд баталсан. Тус баримт бичгийн хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолыг УИХ 2018 онд баталсан юм. Бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоол баталснаар бүх төмөр замыг өргөн буюу 1520 мм царигаар тавихаар тогтсон. Мөн Эрдэнэт-Арц суурь, Зүүнбаян-Ханги зэрэг чиглэлд төмөр зам тавих зорилтыг нэмж тусгасан. Уг тогтоолын дагуу дээр дурдсан “Монголиан транс ложистик”, “Монголиан транс лайн” компанийн нэгдэл өнгөрсөн хавар Зүүнбаян-Хангийн чиглэлд төмөр зам тавихаарзураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй, 20 жилийн хугацаатай концессын гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, дээрх компаниуд төмөр замыг 20 жил ашиглаад Засгийн газарт үнэ төлбөргүйгээр шилжүүлэх юм.
Манай улс жилд дунджаар 5-6 сая тонн төмрийн хүдрийг ӨМӨЗО-ы Бугат хотын гангийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Уг төмөр замыг тавьснаар төмрийн хүдэр болон бусад бүтээгдэхүүнийг дөт замаар Бугатад хүргэх нөхцөл бүрдэж буй. Замын-Үүд-Эрээний боомтоор тээвэрлэснээс Ханги-Мандалаар экспортлох нь 306 км-ээр дөт гэнэ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавьж дуусгасан ч газрын хэвгийгээс шалтгаалан хил холболтын ажил нь 1-2 жил үргэлжлэх юм байна. Тэгвэл Ханги-Мандалын боомтын хил холболтыг гүйцэтгэхэд хялбар байхаж. БНХАУ-ын тал Бугат хотоос Мандалын боомт хүртэл 240 км төмөр зам тавьчихсан. Одоо найман км төмөр зам тавихад манай болон урд хөршийн төмөр зам уулзах юм. Тиймээс Ханги-Мандал нь Монголоос Хятад улстай төмөр замаар холбогдсон хоёр дахь гарц болох нь тодорхой. Ханги-Мандалын боомтын төмөр замаар жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Одоо “Улаанбаатар төмөр зам”-аар жилд 30 сая тонн ачаа тээвэрлэж буй. Тэгэхээр Ханги-Мандалын боомтын төмөр замын хил холболтыг хийснээр урд хөрштэй төмөр замын тээврээр худалдаа наймаа хийх боломж хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Хангийн төмөр замыг тавьснаар экспортыг нэмэг дүүлэх боломж бүрдэж байгаа нь ойлгомжтой. Манай улс импортын бараа, бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг Замын-Үүд-Эрээний боомтоор оруулж ирдэг. Хангийн төмөр замыг тавьснаар Замын-Үүд-Эрээний боомтын ачаалал буурна. Транзит тээвэр нэмэгдэх нөхцөл бүрдэж байна” хэмээн онцолсон юм. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд 2024 онд гэхэд Хангийн төмөр замаар 20 сая тонн ачаа тээвэрлэж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах зорилт тавьжээ. Жилд таван сая тонн төмрийн хүдэр, 15 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж төсөөлж байгаа гэнэ. Бүрэн хүчин чадлаар ньажиллуулснаар өдөрт 8-9 вагон буюу нийт 800 орчим галт тэрэг Хятадын талтай солилцоно гэж тооцсон байна. Замын-Үүд-Эрээний боомт өдөрт дээд тал нь 15 галт тэрэг солилцдог. Тэгэхээр Ханги-Мандалын боомтын төмөр замыг тавьснаар манай улс Хятадын талтай өдөрт дээд тал нь 24 галт тэрэг солилцох хүчин чадалтай болох нь. Ингэснээр импорт, экспорт, транзит тээвэр ч нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.
“Монголиан транс ложистик” компанийн 400 гаруй сая ам.долларын хөрөнгөөр барьсан тустөмөр зам хоёр өртөө, зургаан зөрлөгтэй. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаас салаалсан хэсэг буюу Хангийн төмөр замын эхлэл хэсэгт “Номгон” өртөө байгуулжээ. Харин хилийн боомтын ойролцоо “Ханги” өртөө байгуулсан аж. “Ханги” өртөөнд нарийн болон өргөн царигийн төмөр замын ачих, буулгах хоёр терминал байгуулах гэнэ. Терминалыг ирэх жилийн эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Хөрөнгө оруулагчид нь Хангийн төмөр зам дээр одоогоор найман зүтгүүр авчирчээ. Шинээр 12 зүтгүүр худалдаж авахаар БНХАУ-ын компанид захиалга өгсөн байна. Уг төмөр замыг бүрэн хүчин чадлаар нь ашиглах үед 20 орчим зүтгүүр, 3000-4000 вагоноор тээвэр хийхээр төлөвлөжээ.
Говийн бүсэд төмөр зам тавихад элсний нүүдэлддаруулах магадлалтай байдаг. Тэгвэл тус төмөр зам салхины урсгалын дагуу учир элсний нүүдэлд даруулах магадлал бага гэнэ. Мөн төмөр зам тавьсны дараа амьтан, мал дайруулахаас болгоомжилж хоёр талаар нь торон хашаа татдаг. Энэ талаар Б.Баяржаргалаас тодруулахад “Өртөө, зөрлөг гэх мэт суурьшлын бүсийнхээ хэсэгт торон хашаа татна. Харин бусад хэсэгт нь торон хашаа татахгүй. Манай компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумд 13 жилийн өмнө 100 гаруй км төмөр зам тавьсан. Түүнийгээ эзэмшдэг. Өмнөх туршлагаас харахад торон хашаа давж орж ирсэн амьтан гарч чадахгүй байсаар галт тэргэнд дайруулдаг юм байна лээ. Харин торон хашаа татахгүй бол дуут дохио өгөхөд үргээд явчихдаг” гэж хариулав.
“Монголиан транс лайн” компани дээрхээс гадна Дорноговийн Алтанширээд 12 км төмөр зам тавьсан туршлагатай. Өмнө нь төмөр зам барьсан туршлага, өөрийн компанийн галт тэргээр бараа материалаа тээвэрлэсэн, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам тавьсанаж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан зэрэг нь ажлаа хугацаанд нь дуусгахад нөлөөлснийг Б.Баяржаргал тодотгосон юм.