Канадын Засгийн газар ирэх нэгдүгээр сараас 2025 оны эцэс хүртэл жил бүр 500 000 цагаач хүлээн авахаар төлөвлөж байна. Энэ нь ойрын гурван жилд тус улс хүн амаа 1.5 саяар нэмнэ гэсэн үг. Нэг хүнд ногдох тооцоогоор энэ нь Нэгдсэн Вант Улсын авахаар төлөвлөж буй хэмжээнээс найм, АНУ-ынхаас дөрөв дахин их үзүүлэлт юм. Хэдэн арван жилийн турш Канад улс хүн ам болон эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд шинэ оршин суугчдын шилжилт хөдөлгөөнийг зориудаар дэмжсээр иржээ. Гэхдээ цагаачдад байнгын оршин суух эрх олгодог ч иргэнээ болгодоггүй. Өнгөрсөн онд Канадад 405 мянган хүн оршин суух зөвшөөрөл авсан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт аж.
Бусад хөгжингүй орны нэгэн адил Канадад төрөлт тогтмол буурч, оршин суугчдын дундаж нас мөн тогтвортой өссөн нь тус улсыг тэтгэвэр авагчдын орон болгох аюул заналхийлж байгаа. Тиймээс эдийн засгаа өсгөж, хөгжүүлэх асуудлыг цагаачидгүйгээр шийдэх боломжгүйд хүрсэн гэсэн үг. Ажиллах хүчний өсөлт нь хэдийн цагаачлалаас хараат болсон тус улс 2032 он гэхэд хүн амын өсөлтөө ч мөн адил шийднэ хэмээн Засгийн газар нь таамаглажээ.Өдгөө Канадын дөрвөн оршин суугч тутмын нэг нь өөр улсаас гаралтай. “Их-7”-гийн бусад улсад энэ үзүүлэлт бага. Дэлхийн хамгийн холимог соёлын төв гэгддэг АНУ-д цагаачид хүн амынх нь ердөө 14 хувийг бүрдүүлдэг.
Канад нь бусад оронтой харьцуулахад эдийн засгийн ангиллаар илүү олон цагаач хүлээн авдаг төдийгүй дэлхийн дүрвэгсдэд хамгийн нээлттэй улсуудын нэг юм. 2021 онд тус улсын эрх баригчид 20 мянга гаруй өргөдөл гаргагчид орогнох эрх олгосон байна. Гэсэн ч тус улс цагаачлалын амбицтай төлөвлөгөөгөө үргэлж биелүүлж чаддаггүй. Тухайлбал, өнгөрсөн онд Засгийн газар нь 59 мянга орчим дүрвэгч хүлээж авах тооцоо гаргасанч бодит байдалд гурав дахин бага хүн очсон байна. Цагаачлалын сайд Шон Фрейзер үүнийг хил хаахад хүргэсэн “Ковид-19” цар тахлын үр дагавартай холбон тайлбарлажээ. Канад улс 2023 онд 76 мянган дүрвэгч хүлээн авахаар төлөвлөж буй аж.