Эвслийн шинэ Засгийн газар байгуулах боломж олгохын тулд Грекийн Ерөнхий сайдын албанаас огцрохыг Георгиос Папандреу зөвшөөрлөө. Уг шийдвэрийн талаар энэ сарын 11-нд зарлав. Төсвийн зарлагыг хорогдуулах арга хэмжээ авахаар бүх нийтийн санал асуулга явуулахаар Папандреу төлөвлөснийг Грекийн сөрөг хүчин хийгээд Европын холбооны гишүүн орнуудын тэргүүнүүд эрс эсэргүүцсэнээс тэрбээр огцроход хүрсэн юм. Төсвийн зарлагыг бууруулах арга хэмжээ авахыг Грекээс олон улсын байгууллагууд шаардаад байсан юм билээ. Санхүүгийн хямралаас урьтаж нийгэмдээ зөвшилцөлд хүрэх гэсэн чинь тэр нь улс төрийн ээлжит хямрал болж төгсөв. Улс оронд нүүрлэсэн өрийн хямралаас үүдээд төсвийн зарлагыг нэлээд чанд хэмнэхэд чиглэсэн багц арга хэмжээ авах шийдвэрийг Грекийн Засгийн газар аравдугаар сарын 21-нд гаргав.
Бусад олон ажлын зэрэгцээ төрийн албан хаагчдыг цөөлөх, тэтгэврийг хасах, татвар нэмэхээр уг багцад тусгасан байна. Зургаа хоногийн дараа Европын холбооны орнуудын удирдагчид Брюссельд дээд хэмжээний уулзалт хийж Грекийн 350 тэрбум еврогийн өрөөс 210 тэрбумыг нь цуцлахаар хувийн хөрөнгө оруулагчидтай нь тохиролцлоо. Мөн Грект 100 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр болов. Ингээд Европ төдийгүй дэлхий дахин уужим амьсгал авахтай боллоо. Гэтэл Георгиос Папандреу хямралын эсрэг авах арга хэмжээг Грекийн ард түмэн шийдэх ёстой гэсэн хачирхалтай мэдэгдэл дөрөв хоногийн дараа хийж орхив. Тэгээд урьдчилсан байдлаар санал асуулгыг арванхоёрдугаар сарын 4-нд юм уу 5-нд товлох санал дэвшүүллээ. Хямрал бий болсны төлөө хариуцлага хүлээх ёстой хүмүүс төсвийг танах замаар өөрсдийнхөө гэмт явдлыг жирийн иргэдийн халаасыг тэмтэрч хаацайлах гэж байна хэмээн грекчүүдийн ихэнх нь дургүйцэв.
Грекийн Засгийн газар, ОУВС, Европын холбооны хооронд удаан хугацаанд хийсэн хэлэлцээрийг үр дүнгүй болгож байгаа санал асуулга явуулах тухай шийдвэр нь үндсэндээ Грекийг евро бүсээс гаргах асуудлыг хөндсөнөөрөө дэлхийн биржүүд дээрх хувьцааны ханшийг огцом буулгав. Тухайлбал Францын BNP Paribas банкны хувьцаа 9.6 хувиар буурлаа. Европын Холбооны удирдлага ч бас энэ үйлдэлд хариу эсэргүүцэл үзүүлэв. Папандреугийн шийдвэрийг “тохиромжгүй”, “бодлогогүй” хэмээн нэрлэж Грект санхүү- гийн тусламж үзүүлэхээ болихоор заналхийллээ. Грекийн сөрөг хүчин санал асуулга явуулах тухай шийдвэрийг мөн л хүчтэй шүүмжилж, түүний оронд ээлжит бус сонгууль хийхийг санал болгов. Гэтэл санал асуулга явуулах шийдвэрийг Грекийн Засгийн газар арваннэгдүгээр сарын 2-нд дэмжчихлээ.
Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид чухам энэ өдөр Папандреутай уулзаж төсвийн биелэлтийг Засгийн газар нь ямар замаар хянах гэж буй нь тодорхой болох хүртэл санхүүгийн дэмжлэгээ бүрэн зогсооно гэдгээ мэдэгдэв. Маргааш нь Папандреу хийсэн алхмаа эрэгцүүлж үзээд, хоёр том нам тохиролцоонд хүрэх юм бол санал асуулга ерөөс гол зорилго байгаагүй, түүнийг явуулах зайлшгүй шаардлага ч байхгүй гэж Засгийн газрын яаралтай хуралдаан дээр хэлэв. Түүгээр ч барахгүй ийм тохиролцоонд хүргэхийн тулд огцроход ч бэлэн хэмээн Ерөнхий сайд мэдэгдлээ. Огцрох тухай түүний мэдэгдэл сөрөг хүчнийхний санаанд нийцжээ. Арваннэгд үгээр сарын 4-ний баасан гаригт Грекийн Парламентын олонх Засгийн газарт итгэл үзүүлэх санал өгөв. Ням гаригт Папандреу “шинэ ардчилагчдын” удирдагч Антонис Самарас хоёр хэлэлцээр хийж, ямар ч байсан шинэ Засгийн газар эмхлэн байгуулна, түүнийг Папандреу тэргүүлэхгүй гэдэг нь тодорхой боллоо.
Папандреу түвэгтэй байдлаас улс орноо гаргахын тулд цорын ганц боломжийг ашиглаж, хямралын эсрэг Засгийн газраас авах арга хэмжээг ард түмнээрээ дэмжүүлчихийг хичээж байв. Гэхдээ энэ оролдлого эхнээсээ л мордохын хазгай гэгч болсон юм. Учир нь санал асуулга явуулах санаачилга амьдралд хэрэгжих боломж нэгдүгээрт бага байв. Европын зүгээс үзүүлэх дарамт шахалтыг даваад гарлаа ч санал асуулга явуулах тухай хуулийн төсөл Парламентаар дамжина. Гэтэл эрх баригч эвсэлд энд шаардлагатай олонх байгаагүй. Социалистуудад 300 мандатын 150 нь байлаа. Тэгвэл энэ хуулийг батлахад дор хаяж 180 мандат шаардлагатай. Түүнээс гадна Папандреугийн саналыг зөвшөөрөхгүйгээ сөрөг хүчин бараг нэгэн дуугаар мэдэгдсэн байв. Эцэст нь санал асуулга явуулж чадлаа гэхэд бүсээ улам чангалахыг шаардсан хуулийг жирийн грек хүмүүсийн олонх дэмжихгүй нь эрүүл ухаанд даанч ойлгомжтой. Ийнхүү улс төрийн гүнзгий хямралыг нэлээн хялбар аргаар даваад гарчих гэсэн санаархал бүтсэнгүй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Папандреуг “улс төрийн үхдэл” гэж нэгэнт нэрлэчихлээ. Өнөө цагийн Грекийн нийгмийн системийн үндсийг тавьсан тэр хүний хүү, нийгмийн шударга ёс хүн амын ядуу хэсгийн орлогыг нэмэгдүүлэх уриатайгаар 2009 оны сонгуульд орж намаа ялалтад хүргэсэн тэр Георгиос Папандреу маань ихэнх грек хүний амьдралын түвшинд зайлшгүй сөргөөр нөлөөлөх төсвийг танахыг зөвшөөрсөн нь Грект сая өрнөсөн үйл явдлын эмгэнэл нь байв гэж хэлж болно. Георгиос Папандреу 1952 оны зургадугаар сарын 16- нд АНУ-ын Миннесота муж улсын Сент-Пол хотод төржээ. Эцэг Андреас Папандреу нь тэр цагт эндхийн их сургуульд багшилж байв. Ээж нь америк бүсгүй байлаа. Георгиос Папандреу эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны боловсролыг Лондонд болон Харвардын их сургуульд олж авчээ.
Грект цэргийн дэглэм унасны дараа Папандреугийн гэр бүлийнхэн эх орондоо эргэн ирж, Андреас Папандреу удалгүй нөлөө бүхий улстөрчдийн нэг болсон байна. Георгиос Папандреу эцгийнхээ тэргүүлж байсан ПАСОК намын эгнээнд орж, 1984 онд анх Төв Хорооны нь гишүүнээр сонгогдов. 1981 оноос Парламентад тасралтгүй суулаа. Засгийн газарт эцгийнхээ удирдлага дор ч нэг бус удаа ажиллаж байв. 1985 онд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч, 1988-1989, 1994-1996 онд Боловсрол, шашны асуудал эрхэлсэн сайд, 1993-1994 онд Гадаад хэргийн сайдаар ажиллав. Эцгээ өөд болсны дараа Засгийн газарт хийгээд ПАСОК намдаа түүний үйл хэргийг үргэлжлүүлж, 1996- 1999 онд Гадаад хэргийн дэд сайд, 1999 оноос сайд болон мужийн амбан захирагчийн албыг хавсарч, 2004 онд социалистуудын Засгийн газрыг огцрох хүртэл уг үүргийг хүлээж байлаа.
2004 оны Афины зуны оломпийг зохион байгуулах бүрэн эрхт элчин сайдаар томилогдож байв. Энэ ондоо ПАСОК намаа тэргүүлэх болжээ. Социнтернийн Ерөн хийлөгчийн үүргийг 2006 оноос хашлаа. Түүний тэргүүлсэн нам 2004, 2007 оны бүх нийтийн сонгуульд ялагдал хүлээв. Харин 2009 оны аравдугаар сарын 4-нд болсон ээлжит бус сонгуульд итгэл төгс ялж, нэг намын Засгийн газар байгуулах эрх олж авсан байна. Тэгээд 2009 оны аравдугаар сарын 6-нд Ерөнхий сайдын тангаргаа өргөлөө. Дашрамд хэлэхэд түүний өвөө нь бас Ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
Р.ЖАРГАЛАНТ