Кувейтийн Ерөнхий сайд Насер аль-Мухаммед аль-Сабахыг огцруулахыг хүссэн иргэд жагсаал зохион байгуулж, Үндэсний ассамблейн (Парламент) байр руу дайрсан тухай ВВС мэдээлэв. Жагсагчид эрх баригчдыг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг хэмээн буруутгаж, Парламентын ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж буй аж. Парламентын байр руу дайран орсон хүний дийлэнх нь сөрөг хүчнийхэн байсан хэ мээн эх сурвалжид онцолсон байна. Өнгөрсөн лхагва гаригт сөрөг хүчний намын 20 гишүүн Парламентын хуралдаанд оролцохоос татгалзсан билээ.
Түүнчлэн Ерөнхий сайд Насер аль-Сабахын гэр рүү чиглэж явсан жагсагчдыг цагдаагийнхан хүч хэрэглэн тараасны улмаас таван хүн гэмтэж бэртсэн хэмээн “Al Jazeera” дамжуулав. Өнгөрсөн оны хоёрдугаар сараас Ерөнхий сайдаа огцруулах хүсэлтэй иргэд жагсаж эхэлсэн билээ. Мөн түүнийг 2006 онд Ерөнхий сайд болох үеэс нь сөрөг хүчнийхэн шүүмжилж, огцрохыг шаардаж байсан. Насер аль-Сабах Засгийн газрыг тэргүүлж байх хугацаандаа Парламентыг гурван удаа тарааж, Сайд нарын танхимыг зургаан удаа огцруулсан билээ. Арабын орнуудад өнгөрсөн хавар хувьсгал гарч, олон жил засгийн эрх барьсан Ерөнхийлөгч нар огцроход Кувейтийн Эмир төсвийн ажилчдын цалинг нэмэх, тат варыг хөнгөлөх зэрэг арга хэмжээ авсан.