Иран улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 60 хүртэл хувь баяжуулсан ураны нөөцөө 6.7 кг-аар нэмэгдүүлсэн тухай Олон улсын атомын энергийн агентлагийн (МАГАТЭ) тайлангаас эш татан “Politico” сонин мэдээлэв. Мөн сард бэлтгэсэн тайлангаас хойш Иран ураны нөөцөө нэмэгдүүлсэн гэж тус агентлаг үзэж байна. Тодруулбал, аравдугаар сарын 22-ны байдлаар Иранд 60 хүртэл хувь баяжуулсан 62.3 кг уран байсан нь есдүгээр сарынхаас 6.7 кг-аар илүү аж. Уг тайлангаас үзвэл тус улсын хэмжээнд баяжуулсан ураны нийт хэмжээ 3.67 айгаа нь есдүгээр сард бүртгэснээс 267.2 кг-аар бага үзүүлэлт гэнэ.
Исламын Бүгд Найрамдах Иран лсын 60 хүртэл хувь баяжуулсан ураны одоогийн нөөц нь цаашид эл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нөхцөлд цөмийн нэг бөмбөг үйлдвэрлэхэд хангалттай хүрэлцэнэ гэж цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд үзэж байна. Үүний сацуу Иран улс цөмийн зарлаагүй гурван байгууламжаас илэрсэн ураны тоосонцрын гарал үүслийн талаарх тайлбараа МАГАТЭ-д хараахан өгөөгүй тухай тус агентлагийн өөр нэг тайланд дурджээ. Гэхдээ ураны тоосонцрын гарал үүслийг судалж буй байгууллагын төлөөлөгчдийг энэ сард айлчлахыг Тегеран зөвшөөрснийг “Reuters” дамжуулав. Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Иран болон тус агентлагийн төлөөлөгчдийн Австрийн Венад болсон хэлэлцээ үр дүнд хүрээгүй ч талууд харилцаагаа үргэлжлүүлнэ гэж МАГАТЭ-гийн ерөнхий захирал Рафаэль Гросси мэдэгджээ.