Монгол Улсын төлбөрийн тэнцэл өнгөрсөн есдүгээр сард 163.1 сая ам.долларын ашигтай гарлаа. Энэ бол төлбөрийн тэнцлийн алдагдал буурч буйг харуулах үзүүлэлт. Гэхдээ бадарчин баярлах болоогүй гэдэг шиг төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр буюу 1.5 тэрбум ам.доллар орчимд хэвээр байна. Алдагдал өндөр хэвээр учраас ам.долларын ханш өсөх хандлагаа хадгалах нь мэдээж. Монголбанкнаас зарласан зах зээлийн дундаж ханшаар өчигдөр ам.доллар 3397.08 төгрөгтэй тэнцэж байв. “Ногоон”-ы дундаж ханш есдүгээр сард төгрөгийн эсрэг огцом чангарсан. Тодруулбал, 3202 төгрөгөөс 3334-т хүрч өссөн юм. Нийт 130 орчим төгрөгөөр өссөн байгаа биз. Тэгвэл өнгөрсөн сард өсөлтийн хурд нь саарлаа. Тодруулбалөнгөрсөн сард ам.долларын дундаж ханш 60 төгрөгөөр чангарчээ. Төлбөрийн тэнцэл өмнөх сард нь 163.1 сая ам.долларын ашигтай гарсан нь ханшийн өсөлтийн хурд саарахад нөлөөлсөн нь мадаггүй.
“Найман шарга” валют арилжааны төвд сарын өмнө “ногоон”-ы ханш 3500 төгрөгөөс давж, хөөсөрсөн удаа бий. Тухайн үед иргэд их хэмжээгээр ам.доллар худалдаж авахаар эрэлт үүсгэсэн. Үүнийг нь дагуулж ченжүүд ханшийг өсгөх зүй тогтол анзаарагдаж байлаа. Энэ үед Монголбанкнаас арилжааны банкуудад хүссэн хэмжээгээр нь ам.доллар нийлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, долоо хоногийн даваа, пүрэв гарагт валютын дуудлага худалдаа хийх бүртээ 40-50 сая ам.доллар зах зээлд нийлүүлсэн. Ийнхүү валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр ханшийн “хөөс”-ийг хагалав. “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 3415 төгрөгөөр авч, 3425-аар худалдаж байлаа. Ченжүүд “Валют арилжааны эргэлт эрс муудсан. Эдийн засгийн идэвх сул байгаа учраас ийм нөхцөл үүссэн гэж таамаглаж байна. Валютын эрэлт их байсан бол харьцангуй тогтворжлоо” гэж ярьж байна.
Банкнаас валют худалдаж авахаас “Найман шарга” төвөөс авах нь илүү хялбар. Тиймээс иргэд валютын хар зах гэгддэг “Найман шарга” төвийг зорьж буй. ХААН банкны өчигдрийн бэлэн бусаар ам.доллар авах ханш 3392, зарах нь 3402 төгрөг байв. Банк, хар зах хоёрын ханш 20 орчим төгрөгийн зөрүүтэй байгаа биз. Үүнээс үүдэж Монгол Улсын валютын зах зээл хоёр ханштай болсон гэж яриа гарч буй. Эндээс нэг талаар “Найман шарга” төв валютын ханшийн савлагаа үүсгэх суваг болж байна гэж үзэх үндэстэй.
Төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 12.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2.7 их наяд төгрөг буюу 17.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Төгрөгийн хадгаламжийн 11.3 их наяд нь иргэдийнх, 1.3 их наяд нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж. Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 452.5 тэрбум төгрөг буюу 10.9 хувиар өсжээ. Төгрөгийн хадгаламжийн тодорхой хэсэг нь валют руу шилжсэнийг дээрх үзүүлэлт харуулдаг. Дээрхээс харахад валютын хадгаламж ойролцоогоор 130 сая ам.доллароор нэмэгджээ. Зах зээлд эргэлдэж буй валютын дүнтэй харьцуулбал энэ нь бага хэмжээнийх. Харин ийм хэмжээний эрэлт хар зах дээрх ханшийг өөрөгдөнө гэдгийг санах хэрэгтэй.
Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал хоёр тэрбум ам.доллар давсан. Энэ дансанд боловсрол, эрүүл мэнд, аялал жуучлал, тээврийн үйлчилгээнд гаргасан зардал, орлогыг бүртгэдэг. Улмаар зөрүүг нь гаргаж, алдагдлыг нь тооцдог юм. Тэгэхээр боловсрол, эрүүл мэнд, аялал, тээврийн үйлчилгээнд монголчууд гадаадаас олсон орлогоосоо хоёр тэрбум ам.доллароор илүү мөнгө зарцуулж байна гэсэн үг. Тээврийн үйлчилгээнд өнгөрсөн жил 400 сая ам.доллар зарцуулжээ. Монголбанкныхны мэдээлснээр үүний дийлэнхийг гадаадаас худалдаж авч буй өндөр үнэтэй автомашины төлбөр эзэлдэг аж. Тэгвэл тээврийн үйлчилгээнд энэ оны эхний найман сар гэхэд 400 сая ам.доллар шилжүүлээд байгаа гэнэ. Төвбанкныхан судалгаа хийж үзэхэд тансаг хэрэглээний “Ланд-300”, “Лексус-600” маркийн автомашины гэрээт борлуулагчдын захиалга 2023 оны эцэс хүртэл дууссан байжээ. Эндээс чинээлэг иргэдийн тансаг хэрэглээ төлбөрийн тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлж, цаашлаад ам.долларын ханшийг өсгөхөд нөлөөлж байна гэж дүгнэж болно.
Иргэдийг тансаг хэрэглээний автомашин худалдаж авахаа боль гэж хорих боломжгүй. Харин өндөр татвар амаар тэдний хүслийг хязгаарлаж, тансаг зэрэглэлийн машин импортлох эрэлтийг бууруулж болно. Сангийн яамнаас 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа өндөр үнэтэй машин импортлоход хураах гаалийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх санал гаргасан. Гэтэл Төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барихад энэ санал алга болсон байв. Тансаг зэрэглэлийн автомашин унах сонирхолтой чинээлэг улстөрчид өндөр татвар төлөхөөс “зугтах” нь ойлгомжтой биз. Мөн гадаадад аялах, эмчлүүлэх, хүүхдээ сургахаа боль гэж хорих боломжгүй. Тиймээс манай улс руу орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлээ ашигтай гарган, ам.долларын ханшийг тогтворжуулахаас өөр сонголтгүй.
Асар их валютын нөөцтэй байсан бол интервенц хийж, ам.долларын ханшийг тогтворжуулах өөр нэг сонголт бий. Гэвч манай улс 2.7 тэрбум ам.доллартой тэнцэх гадаад валютын нөөцтэй байна. Энэ нь дөрөвхөн сарын импортын хэрэгцээг хангах “балга” нөөц. Төвбанк ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд есдүгээр сараас хойш 600 орчим сая “ногоон”-ы интервенц хийжээ. Ийм учраас валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж алга. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бид валютын нөөцөө хамгаалах бодлого баримтална” гэж мэдэгдсэн. Энэ нь валютын нөөцөө хамгаалаад, ам.долларын ханшийг чангаруулна гэсэн үг юм. Харин Засгийн газар өнгөрсөн сарын 5-нд Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 362 дугаар тогтоолыг баталсан нь бага боловч итгэл найдвар төрүүлж байгаа.
Уг тогтоолд үчин төгөлдөр гэрээ, хэлцлүүдийн хүрээнд экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан “Эрдэнэс Тавантолгой” ХК 500, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 300, “Монголросцветмет” ТӨҮГ 20, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ 15 сая ам.доллароос багагүй орлоготөвлөрүүлэх арга хэмжээ авахыг заасан. Мөн “Оюутолгой”, “Энержи есурс”, “Монголын алт”, “МоЭнко” ХХК зэрэг ашигт малтмал олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын экспортын үйл ажиллагаатай холбоотой гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан юм. Энэ тогтоолыг хэрэгжүүлснээр гадаад валютын улсын нөөц нэг тэрбум орчим ам.доллароор нэмэгдэх төсөөлөл харагдаж байгаа. Үүнээс гадна Монголбанкнаас энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан арилжааны банкууд 300 орчим сая “ногоон” оруулж ирэх төсөөлөлтэй байгааг танилцуулсан. Энэ оны төгсгөлд нэг тэрбум ам.доллар оруулж ирж чадвал “ногоон”-ы ханш аяндаа тогтворжих болов уу.
Эдийн засаг, хөгжлийн яамны бүтцэд Төлбөрийн тэнцлийн хэлтэс байгуулж байгаа аж. Манай улс олон жил дараалан төлбөрийн тэнцлийн алдагдалтай явж ирсэн. Иймээс ам.долларын ханш байнга өссөн юм. Төлбөрийн тэнцэлд анхаарч, алдагдлыг нь бууруулах бодлого боловсруулж эхлэх нь зөв алхам. Валютын гарах урсгалын алдагдлаа хянахгүйгээр ханшийг нь тогтворжуулах боломжгүй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр манай улс 8.8 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Ингэснээр гадаад худалдааны алдагдал 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт экспортын орлогын 4.5 тэрбум ам.долларыг нүүрсний борлуулалт эзэлж буй юм. Өөрөөр хэлбэл, нийт экспортын орлогын тэн хагасыг нүүрс бүрдүүлдэг гэсэн үг. Гаалийн ерөнхий газар нүүрсний борлуулалтын орлогыг хилийн үнээр тооцож, статистик гаргадаг аж. Тэгвэл нүүрсний борлуулалтын орлогыг гэрээний үнээр тооцвол гадаад худалдаа 62-хон сая ам.долларын ашигтай гарч байгааг Төвбанкныхан тогтоожээ. Тэгэхээр бидний баримжаа авдаг статистик мэдээлэл худал байх нь.
Засгийн газар нүүрсний борлуулалт, орлого хэрхдэг талаар дүгнэлт гаргахаар ажиллаж эхэлсэн. Нүүрсний борлуулалтаас хэдэн ам.долларын бодит орлого олдог, түүнээс хэчнээн нь дотоодын эдийн засагт орж ирдэг эсэг хугацааны дараа тодорхой болох байх. Манай улс жижиг эдийн засагтай. “Хятад улсад жилд тавин сая тонн нүүрс боломжийн үнээр нийлүүлж чадвал төлбөрийн тэнцлийн алдагдалгүй, ханшийн савлагаагүй, тансаг амьдарна” гэж уул уурхайн салбарынхан ярих ньбий. Өмнөд хөршийнхөнд тавин сая тонн нүүрс борлуулаад, орлогыг нь улсдаа бодитоор оруулж ирдэг болчихвол, бас өгөөжийг нэмэгдүүлчихвэл бид төлбөрийн тэнцлийн алдагдал гэдэг мөнхийн зовлонгоо нэлээд нимгэлэх нь ойлгомжтой.