Японы Төвбанкны тэргүүн Масааки Ширакава тус улсын экспортын хэмжээнд Европын өрийн хямрал сөргөөр нөлөөлж байна хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Евро бүсийн эдийн засгийн нөхцөл одоо хамгийн том эрсдэл болоод байна” гэсэн байна. Төвбанкны зарим удирдах зөвлөлийн гишүүд улсынх нь эдийн засгийн төлөв аравдугаар сараас хойш сулрах болсон хэмээн анхааруулж байгаа юм. Тэд үл хөдлөх хөрөнгө худалдан авах сангийн хөрөнгийг өөрчлөлгүйгээр 20 их наяд (260 тэрбум ам.доллар) үлдээх болсноо дуулгажээ. Өнгөрсөн сард ам.доллартай харьцах иенийн ханш Дэлхийн II дугаар дайнаас хойших хамгийн өндөр төвшиндөө хүрснийг сулруулахаар Японы Төвбанк интервенц хийсэн билээ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл дахин ийм арга хэмжээ авч магадгүй юм байна.
“Tokai Tokyo Securities” компанийн ахлах стратегич Казүхико Сано “Японы эдийн засаг гаднын орнуудын эрэлт өсөхөөс хамааралтай болоод байна” хэмээн ярьжээ. “Ам.доллар, евротой харьцах үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш өндөр байгаа нь автомашин үйлдвэрлэгчдэд хүндээр тусаж байгаа. Энэ оны эхний хагаст бидний ашиг 330 тэрбум иенээр буурсан” гэж Японы автомашин үйлдвэрлэгчдийн ассоциацын тэргүүн Тошиюүки Шига ярьсан байна. Тус улсын эдийн засгийн өсөлт энэ улиралд таамаглаж байснаас 2.1 хувиар бага өсөх магадлалтайг Эдийн засаг төлөвлөлтийн холбооноос нь өмнөх долоо хоногт мэдэгдээд буй юм. Токио дахь “Nomura” группийн хөрөнгө оруулалтын ахлах шинжээч Нака Мацүкава “Иенийн ханш чанга хэвээр байсаар байвал Японы Төвбанк урт хугацаатай бондыг худалдан авахад анхаарах болов уу” гэж ярьжээ.