ФИДЕ Олон Улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээнийг АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээнд АНУ, БНЭУ, ХБНГУ, Норвеги, Австрали, Канад зэрэг дэлхийн 46 орны 85 багийн тамирчид өрсөлдсөн бол Монгол Улсаа төлөөлөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй хоёр баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг багийн хүмүүжигчид өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртлээ. Эргэн сануулахад 2021 онд зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд Монгол Улсын баг тамирчид алтан медаль хүртэж, түүхэн амжилт гаргаж байсан юм.