Өмнөд Осетийн ард түмэн өнгөрсөн ням гаригт Төрийн тэргүүнээ, албан ёсны хэлээ сонгох санал хураалт явууллаа. Тус улсын Ерөнхийлөгчид 11 хүн нэр дэвшсэн бөгөөд одоогийн Төрийн тэргүүн Эдуарда Кокойты сонгуульд оролцоогүй аж. Сонгуульд ялалт байгуулахын тулд нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авах ёстой гэнэ. “Энэ сонгууль бол санаа зовох асуудал биш. Дэлхий нийтээр уг сонгуулийг ч, түүний дүнг ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн Гүржийн эрх баригчид мэдэгджээ.
Сонгуулийг тойрсон шуугиан кампанит ажлын үеэс эхэлжээ. ОХУ-ын Чөлөөт бөхийн шигшээгийн дасгалжуулагч, сөрөг хүчний төлөөлөгч Дамболат Тедеевийг сонгуульд оролцуулахг үй гэснээс болж Цхинвалид үймээн дэгдсэн билээ. Дзамболат Тедеев сүүлийн жилүүдэд эх орондоо амьдраагүй, Орост байсан гэсэн шалтгаанаар Сонгуулийн төв хороо түүний нэрийг дэвшүүлээгүй аж. Сонгуулийн үеэр Өмнөд Осетийн албан ёсны хэлийг орос болгох талаар санал асуулга болжээ.
Гүржийн бүрэлдэхүүнд байсан Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг одоогийн байдлаар ОХУ, Никарагуа, Науру, Венесуэл, Тувалу хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Х.ЧИМЭГ