Италийн Ерөнхий сайдаар 3.5 жил ажилласан Сильвио Берлускони өнгөрсөн бямба гаригийн орой огцрох өргөдлөө өгч, Ерөнхийлөгч Жоржо Наполитано түүнд нь гарын үсэг зурсан тухай ВВС дамжуулав. Евро бүсэд, тэр дундаа Италид газар авсан санхүүгийн хямралын улмаас улс төрийн хагарал хурцдаж, Парламентын гишүүд, ард түмний дунд Ерөнхий сайдын нэр хүнд унасан билээ.
“ЧӨЛӨӨЛӨГДСӨНИЙ БАЯР”
Италийн улс төрд 18 жил зүтгэсэн С.Берлусконийн огцролтыг “ Гарцаагүй болох л байсан зүйл” хэмээн зарим ажиглагч үзэж байна. Харин түүнтэй ойр дотно байдаг хүмүүс, тухайлбал ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин “Европын улс төрийг тогтвортой байлгаж чадах сүүлчийн могикануудын нэг” гэж үнэллээ. Гэхдээ италичууд В.Путинтэй санал нэгдсэнгүй, С.Берлусконийг огцорсон даруйд Ромын төв талбайд цуглаж “Баяртай Сильвио”, “Арваннэгдүгээр сарын 12 бол чөлөөлөгдсөний баяр” гэсэн лоозон өргөцгөөж, баяраа тэмдэглэжээ.
ХАЛААГ НЬ ХЭН АВАХ ВЭ?
Сүүлийн жил хагасын хугацаанд Италийн сөрөг хүчнийхэн, үйлдвэрчний эвлэлүүд, бизнес эрхлэгчдийн нийгэмлэг, шашны байгууллагын төлөөлөгчид ч С.Берлусконийг огцруулах аяныг эрчимтэй өрнүүлсэн билээ. Тэд зорьсондоо хүрч Ерөнхий сайд ажлаа өглөө, харин түүний халааг хэн авах вэ? “Эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг Парламент баталсны дараа би огцорно” гэж С.Берлускони мэдэгдсэний дараа түүний халааг хэн авах, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх талаар гаднын болон Италийн хэвлэлүүд өөрсдийн таамаглалыг дэвшүүлэв. Нэрт эдийн засагч, Монополийн эсрэг хорооны тэр гүүн асан, сенатч Марио Монтиг шинэ Ерөнхий сайд болох магадлал хамгийн өндөр хэмээн ажиглагчид онцоллоо. Тус улсын гадаад өр улам нэмэгдэж, санхүүгийн хямрал газар авч, үүнийг даван туулахын тулд төсвөө танаж буй энэ хэцүү үед шинэ Засгийн газрын тэргүүнийг хэнээр томилох нь италичуудын хувьд хамгийн чухал сонголтуудын нэг болоод байгаа юм. Юутай ч Ерөнхийлөгч Жоржо Наполитано энэ асуудлыг хэлэлцэж, ойрын хугацаанд шинэ Ерөнхий сайдын нэрийг нийтэд зарлана гэдгээ амлав.
С.БЕРЛУСКОНИ ЦОМГОО ГАРГАНА
Огцорсноо албан ёсоор зарлаж, Квириналын ордонгоос гарах үедээ С.Берлускони цаашид юу хийх талаар тайлбар хийсэнгүй. Дахин сонгуульд оролцохгүй, залуу улстөрчид, өөрийн намын шинэ лидерүүдэд боломж олгоно гэдгээ тэрбээр өмнө нь мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Эрх чөлөөт ард түмэн намын нарийн бичгийн дарга Анжелино Альфано ирэх сонгуульд хүчээ үзнэ гэдгээ мөн илэрхийлэв. С.Берлускони төрийн албаа хүлээлгэн өгснийхөө дараа дуучин Мариано Апичеллатай хамтран дууны цомог гаргахаар төлөвлөж байгаа аж. Түүний шүлгүүдээр хийсэн дуутай “Vero amore” (Жинхэнэ хайр) цомог энэ сарын 22-нд худалдаанд гарах гэнэ.
Мөн тэрбээр шүүхийн танхимаар “эргэлдэх” төлөвтэй байна. Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан, авлига авсан зэрэг хэд хэдэн зүйл ангиар С.Берлусконийг буруутгаж байгаа юм. Ерөнхий сайд байхдаа тэрбээр “завгүй” гэсэн шалтгаанаар шүүх хурлуудад ирээгүй. Харин тэр одоо завтай болсон учир энэ ажлаа ч амжуулах бололтой.
Х.ОД