Мароккогийн нийслэл Рабат хотод 2011 оны тавдугаар сарын 14-ний бямба гаригт сүрхий халуун болов. Алексей Калиниченко эндхийн шоронгийн захиргаанаас гүйхээрээ гарч ирлээ. Хагас жил түүнийг хорьсондоо тус улсын эрх баригчид уулчлалт хүсэж, хурааж авсан эд зүйлсийг харгалзагч эргүүлэн өглөө. Суллагдсанаа дөнгөж мэдрээд уужим амьсгаа авч байтал Мароккогийн цагдаагийн дөрвөн ажилтан машинд хүчээр суулган онгоцны буудалд авчирч оросуудад хүлээлгэж өгөв. А.Калиниченко ийнхүү эх орондоо ирэх нь тэр. Валютын наймаачин энэ эр одоо Екатеринбург (Свердловск)-ийн цагдан хорих газарт саатуулагдаад байна. Түүнийг 4000 орчим хохирогчтой, нэг тэрбум рублийн хэрэгт сэжиглэж буй юм. А.Калиниченко ойрын хэдэн жилийг Италид байдаг 20 өрөөтэй, усан сан, цэцэрлэг бүхий харшдаа биш Красноярскийн дэргэд байдаг хорих газарт өнгөрөөх байх гэж найдаж буй хүн хохирогчдын дунд цөөнгүй. Свердловскийн шүүхээр хэргийг нь шийдсэн ялтанг ихэнхдээ ийш нь ирүүлдэг аж.
Алексей Калиниченко Екатеринбургэд тун боломжийн айлд төржээ. Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурч, теннис тоглодог байв. Эцэг нь ус дамжуулдаг хоолой засварладаг “Патриот” гэдэг жижиг компанитай байснаас хүү нь бүр багаасаа ажил хийж эхэлжээ. 16 настайдаа хувиараа аж ахуй эрхлэгч болж, залгасан утасны дугаар нь харагддаг телефон аппаратыг Екатеринбургийн дэлгүүрүүдэд нийлүүлэх болсон аж. 1996 онд эндхийн сонинд “Есийн Б-гийн бизнесмен” гэсэн нийтлэл ч гарч байж гэдэг. Гэвч бага сага мөнгө олж буйдаа Алексей сэтгэл дундуур байлаа. 1999 онд Forex зах зээлийн валютын наймааны тухай ээжээсээ дуулаад шуудхан түүнийг сонирхох болов. Ингээд гэр бүлээрээ ярьж байж хүүдээ 300 доллар өглөө. Анхны энэ хөрөнгө оруулалтыг Алексей гурав дахин нэмэгдүүлж үзэв. Удалгүй хоёр ч удаа хоосорсон байна. Гэлээ ч энэ ажил хорхойг нь хөдөлгөснөөс дунд боловсрол ч ололгүй сургуулиа орхив.
Валютын зах зээл дээр тоглох нь түүнд үнэхээр сонирхолтой байлаа. “Бирж бол математик биш, харин 99 хувь нь өөрийнхөө дотоод эргэлзээтэй байнга хийх тэмцлээр илэрдэг сэтгэл зүй юм” гэж тэр хэлдэг. ...Өгсөн мөнгийг нь хоёр нугалж өсгөж өгдөг авьяаслаг залуугийн тухай яриа 2001 онд Екатеринбург хот даяар тарж, хүмүүс 22 настай түүнд мөнгөө өгөөд байх болсон байна. А.Калиниченко хүмүүст ямар нэг баталгаа өгдөггүй, албан ажлын байр байхгүй, хамтарч ажилладаг хүнгүйгээ нуудагг үй ч мөнгөө өгдөг хүмүүс түүнээс ер болгоомжилдоггүй байв. Тэд машин дотор ч, хашаан дотор сандал дээр сууж байгаад ч, гэрт нь ирээд ч мөнгөө өгчихөөд, зээлийн тухай бичгийг өвдөг дээрээ тавьж байгаад ч гэсэн гарын үсгээ зурчихна. Хүмүүсийн мөнгийг цуглуулж хувиараа валютын наймаа хийх нь уг нь түгээмэл болсон бизнес. Түүнийг эрхлэхэд ямар ч тусгай зөвшөөрөл хэрэггүй. Бас зөвхөн өөрийн мөнгөөр гэхгүй, зээл аваад тоглохыг дүрмээр зөвшөөрд өг. Өөртөө байгаа мөнгөнөөс илүү хэмжээгээр зээлж ч болдог.
Өөрөө дансандаа 1000 доллартай хэрнээ 100 мянган доллартай дүйх хэмжээний ямар нэг валют худалдаж авч болно. Тэгэхдээ мөнгөний ханш хаашаа явж байгааг тааварлаж чадахгүй бол үнэ нөгөө тийш нэг хувь хазайхад л 1000 доллараас чинь юу ч үлдэхгүй алга болно. А.Калиниченкогийн захиалагчдын тоо нэмэгдсээр байв. Тэрбээр өөртөө болон “ажилдаа” маш итгэлтэй байдаг нь бусдад итгэл төрүүлэх гол шалтгаан нь байв. Үг цөөнтэй, зөвхөн ажил хэрэг л ярина. Мөнгөө өгдөг хүмүүстээ хачин анхааралтай, эелдэг уриалгахан хандана. 2003 он болтол А.Калиниченко ажлаа гэртээ хийдэг байв. Бүр тэр үедээ л Калиниченко орлого зарлагын тайлангаа хуурамчаар үйлддэг байсан гэж ДЯЯ-ны мөрдөн байцаагчид үздэг. Екатеринбургийн валютын арилжааны “М-Форекс” компанийн ерөнхий захирал Михаил Соловьев “Долоо хоногийн эцсээр компьютерийн өмнө жаахан сууж байгаад л тайлангаа биччихдэг юм шиг санагддаг” гэж түүний талаар хэлж байжээ.
2004 онд Калиниченко “Глобал гейминг экспо” гэдэг компаниа байгуулаад олон улсын брокерийн “Livingston investment” гэдэг томоохон компанитай хоршиж ажиллав. Энэ бол валютын арилжааны зах дээр байдаг жирийн практик байв. “Livingston investment” фирм нь Өрнөдийн аль нэг банкинд данс нээгээд түүгээрээ дамжуулан олон улсын валютын зах зээл дээр үйл ажиллагаа явуулна. Гэхдээ мөрдөн байцаагчдын үзэж буйгаар бол захиалагчдынх нь мөнгө “Глобал гейминг экспо”- ”гийн дансанд байсан бөгөөд түүнээс мань эр “ашгаа” төлдөг байжээ. Санхүүгийн аливаа байгууллага мөнгөөр тогтмол тэжээж байхыг шаарддаг. 2003 онд Калиниченко арай дорвитойхон төвшинд ажиллахаар шийдэж Екатеринбургийн хамгийн орчин цагийн нөхцөлтэй хэсэгт албан ажлын байр олж авав. 2005 онд компанийнхаа гол байрыг Санкт-Петербургт аваачлаа. Түүгээр ч барахгүй Ярославль, Череновец, Эрхүү, Краснодар, Казань, Челянбинскт компанийнхаа салбарыг байгуулав.
Сурталчилгааны ажлыг эрчимтэй явууллаа. Энэ ондоо “Оросын санхүүгийн олимп” шагналыг “Forex зах зээлийн Оросын итгэл хүлээсэн шилдэг удирдагч” гэсэн номинацаар хүртлээ. Хуулийн салбарын мэргэжлийн хүмүүс ч түүний захиалагч болцгоох болов. Екатеринбургийн хөрөнгө оруулалтын нэгэн компани хэд хэдэн сая рублиэ Калиниченкогийн дансанд байршуулав. Түүнээс болж хохирсон нэгэн хүний ярьснаас үзвэл тэрбээр “Би наймаа хийгээд ямар ашиг олж буйгаа ил тод харуулдаг, тийм болохоор та нар миний ажилд битгий оролцооч, хэрэв надад итгэхгүй байгаа бол мөнгөө аваад явж болно” гэж хэлдэг байжээ. 2005 онд “Банк 24.ру” гэдэг хувь нийлүүлсэн банк Калиниченкогийн түнш болсон байна. Тэгээд томоохон наймаанд оролцчихсон чинь таван сая орчим рубль алдаж орхих нь тэр. Ийнхүү хувь хандив оруулагчдынхаа мөнг өнөөс үгүй хийчихэв. Калиниченко 2006 оны долдугаар сарын 2-нд амрахаар Итали яваад эргэж ирсэнгүй. Гар утас нь холбогддоггүй. Хөр өнгө оруулагчид бухимдаж эхэллээ. Калиниченко Италид гурван жил болов.
Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар тэрбээр нэг тэрбум рубль авч явсан бөгөөд түүнийхээ 320 саяыг нь хувийн дансандаа шилжүүлж, 680 саяыг нь “өөрийн атгаг бодлоо ажил хэрэг болгоход” зарцуулсан аж. “Банк 24.ру”-тэй хамтарч ажиллах болсноосоо хойш Калинченко Forex дээр хийх арилжаагаа хөгжүүлэх арга замыг хайж, тус банкны эзэн Сергей Лапшинаас зөвлөгөө авчээ. Лапшин тун удалгүй түүнийг өөрийнх нь банкны мөнгөөр, зааж өгсөн брокероор дамжуулан наймаа хийхийг санал болгов. Тэгэхдээ жилийн орлогын 40-өөс доошг үй хувийн ашигтай байх, нууц байдлыг чандлах болзол тавьжээ. Калиниченкогийн ярьснаас үзвэл Лапшин алдагдал хүлээсэн тохиолдолд банкныхаа нэр төрийг сэвтүүлэхгүйг боджээ. Калиниченког сайн наймаа хийвэл банкныхаа хувьцааны 20 хувийг эзэмшүүлж, захирлуудын зөвлөлийн гишүүн болгох амлалт өгөв. “Би гудамжнаас хүрч ирээд л эзнийг нь мэхлээд банкны хувьцааны 20 хувийг авчихсан юм биш шүү.
Өөрийнхөө ажил мэргэжлийн чадварыг хоёр жилийн хугацаанд харуулж чадсаны үндсэн дээр хувьцаатай болсон” гэж Калиниченко бичиж байжээ. Банкны хувьцааны 20 хувьд тэрбээр 75 сая рубль төлжээ. Калиниченкогийн үзэж буйгаар 2006 онд түүнийг Итали явахаас өмнөхөн Лапшины банк “Глобал гейминг экспо” компаниас бичилт хийн үндэслэлгүйгээр мөнгө “дээрэмджээ”. Түүний нотолсноор гэрээн дээр зурсан гарын үсгийг нь дууриалган ашиглах замаар эзэмшиж байсан хувьцааг нь хулгайлсан аж. ОХУ-ын ДЯЯ-ны Уралын холбооны тойргийг хариуцсан газраас их хэмжээний мөнгө луйвардсан хэмээн үзэж Калиниченкод 2006 оны есдүгээр сарын 1-нд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэгвэл эрүүгийн энэ хэргийг Лапшин өөрөө захиалсан, түүний банкийг Уралын холбооны тойргийн прокурорын болон Дотоодыг хамгаалах газрынхан ивээлдээ байлгадаг хэмээн Калиниченко үзэж байлаа. “Уралмаш” компанийн тэргүүн болон Екатеринбургийн Думийн депутат Александр Хабаров нарыг баривчилсан хэрэгт 2005 онд Лапшин хутгалдлаа.
Сонин хэвлэлд бичсэнээр бол “Банк 24.ру” банкны 20 хувийг эзэмшдэг Хабаров шахалт үзүүлсээр байгаад “Стройпластполимер” компанийн хувьцааны багцыг “Центр” гэдэг гэмт хэргийн бүлэглэлд Лапшинаар заруулж дөнгөжээ. Лапшины өргөдлийн дагуу Хабаровыг баривчилсан бөгөөд нэг сарын дараа нөг өөх нь ганц хүний хорих өрөөнд амиа хорлочихсон аж. А.Калиниченко луйвар хийгээд байгааг санхүүгийн мэргэжлийн хүмүүс яагаад анзаараагүй юм бол, анзаарсан бол яагаад хууль хяналтын байгууллагад хандсангүй вэ гэсэн асуулт аяндаа гарч ирнэ. Тэгсэн чинь банкны хүмүүс нь А.Калиниченкотой нэг тэрэгний хоёр дугуй болчихсон байсан юмсанж. Мөнгөө хандивласан хүмүүс, банкныхан алдсан мөнгөнөөсөө ямар нэг хэмжээгээр эргүүлээд авчих юмсан хэмээн аргаа барж байхад нөгөө Калиначенко нь Италид хөлтэйхэн шиг аж төрж байлаа. Покер тоглож, Playboy-н загвар өмсөгч хүүхнүүдтэй үдшийг өнгөрөөсөн шиг олон жилийн бухимдлаа тайлж суув гэнэ.
Италийн цагдаагийн байгууллагынхны олж авсан мэдээллээр Калиниченко найз бүсгүй Татьяна Манцевадаа 1.55 сая еврогоор харш, 60 мянган еврогоор Porsche Cayenne машин, 700 мянган еврогоор сууц авч өгсөн байна. Тэд дундаасаа төрсөн хүүтэй аж. А.Калиниченко 2006 оны наймдугаар сарын сүүлчээр буюу Оросоос яваад хоёр сар ч болоогүй байхдаа Италийн иргэн 51 настай Анна Кальцитай хуурамчаар гэр бүл болсон нь тэндхийн иргэн болох гэсэнтэй нь холбоотой. Ийм тус хүргэснийхээ төлөө итали бүсгүй 30 мянган евро авчээ. Энэ хоёр хүний хуурамчаар гэр бүл болоход нь тусалсан Мирко Стерлино гэгчийг хожим нь Италийн цагдаагийн байгууллага баривчилсан гэдэг. Орост үлдсэн Калиниченкогийн эцэг эхийн байдал хэцүү байв. Мөнгө алдсандаа уурлаж хилэгнэсэн хүмүүс тэднийг элдвээр заналхийлж, алж үе мөчөөр нь жиргээд хүү рүү чинь явуулна гэж айлгах болжээ. Тиймээс Калиниченкогийн найз нар нь бүх ажлыг нэг өдрийн дотор бүтээж хоёр хөгшнийг Екатеринбургээс нүүлгэжээ. Хаана очсоныг нь хэлэхгүй байхыг А.Калиниченкогийн ээж нь гуйсан байна.
Калиниченко нөхцөл байдал намжаад ирэхээр нь Италид бизнес хийхээр шийдэв. Дарс үйлдвэрлэж нэрд гарсан Bernabein гэр бүлтэй хамтран “ITVIN” гэх дарс наймаалах шинэ компаниа байгууллаа. Италийн “La Repubblica” сонин Калиниченког Тоскана мужийн дарсны үйлдвэрт хоёр сая еврогийн хөрөнгө оруулах гэж буйг уншигчиддаа мэдээлэв. Өндөр үнэтэй сууц зарахад зуучилдаг компани бас байгуулсан нь хямралын үед ч хөл алдаагүй гэдэг. А.Калиниченког эх оронд нь эргүүлэн өгөх хүсэлтийг 2008 онд Оросын Ерөнхий прокурорын газар Италийн эрх баригчдад илгээжээ. Гэвч түүнийг Орост эргүүлж өгөхг үй байх шийдвэрийг Флоренцийн шүүх 2009 онд гаргав. Флоренцийн шүүх Оросын талын тавьсан хүсэлтийг нягталж байхад Калиниченко интернэтэд сайт нээчихээд Италид хэрхэн жаргаж буйгаа түүгээрээ мэдээлэн гайхуулж суув. Энэ увайгүй байдалд нь бүр ч дургүйцсэн хохирогчид А.Калиниченког Орост ирвэл ална гэж амлаж байлаа. Тэгтэл А.Калиниченко энэ байдлыг овжин ашиглаж, Орост очвол амь насанд нь халдахаар заналхийлж буй тухай мэдээллийг Флоренцийн шүүхэд өгснийг анхааралдаа авч дээрх шйидвэрийг гаргасан аж.
Оросын Ерөнхий прокурорын газар энэ удаа А.Калиниченког эргүүлэн өгөх асуудлаар Италийн Дээд шүүхэд хандсан тул 2009 онд тэрбээр Африк руу зугтав. Оросын талын тавьсан хүсэлтэд Италийн Дээд шүүх нааштай хандсан тул цагдаа нар хаалгыг нь цохихыг А.Калиниченко хүлээж суусанг үй. А.Калиниченког гэртээ нууж байгаад Марокко руу зугтаалгах ажлыг зохион байгуулсан Роберто Балериниг сүүлд Италид баривчилжээ. Интерполын баримжааллаар А.Калиниченког хил нэвтрэх гэж байх үед нь баривчилж Рабат хотын шоронд хийжээ. Валютын дамын наймаачныг эргүүлэн өгөхөөс үл татгалзах тухай тогтоолд хэдэн сарын дараа Мароккогийн Ерөнхий сайд Аббас аль-Фаси гарын үсэг зурав. Одоогоор хэргийг гүйцэд мөрдөн шалгаагүй байгаа бөгөөд Калиниченко лав л 93 хүнээс 58 сая рубль луйвардсан нь тогтоогдоод байгаа аж.
Р.ЖАРГАЛАНТ