1939 оны есдүгээр сарын 3
Зуны цэлмэг тэнгэрт цасан цагаан үүлс хөвөх мэт нүүхийг харан суунгаа өдөр найзуудтайгаа дугуй унахаар шийдлээ. 11.15 цагийн үед Ерөнхий сайд Невилл Чемберлэн манайд айлчлан ирж, Гитлер Польш руу довтолсон учраас Их Британи Германд дайн зарлахаас өөр аргагүй болсон тухай дуулгав. Итгэхэд ч бэрх юм. Өнөөдөр дайн ингэж эхэлнэ гэж хэн санах билээ. Бид бүгдээрээ түргэн авч, мориндоо мордлоо.
Энэ бол Их Британийн ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн бага охин Мэри Черчилл (Мэри Соамес)-ийн өдрийн тэмдэглэлийн хэсэг. Түүнийг 17 настай байхад дэлхийн II дайныг эхлүүлсэн анхны мэдэгдэл гэрт нь ийн болжээ. У.Черчилл таван хүүхдийнхээ отгонд нь хамгийн сайн байсан гэдэг. Уулзалт, илтгэл, хүлээн авалтад явах үедээ бага охиноо байнга дагуулдаг байсан нь өдгөө гэрэл зурагт мөнхөрчээ. Хэзээ ч хэрэг болохгүй байж мэдэх ч бичиг цаасыг огт хаядаггүй нь Черчиллийнхний дүрэм. Мөн тэд гэр бүлээрээ бичих дуртай. Уул овоо мэт тэрхүү архивын дээжээс олон нийтэд дэлгэх цаг болсон хэмээн өдгөө 89 настай Мэри Черчилл үзжээ. Тэрбээр “Telegraph” сонины тоймч, охин Эмма Соаместэйгээ хамтран өдрийн тэмдэглэл, дурдатгалын номоо өнгөрсөн есдүгээр сард гаргасан юм. Энэхүү номын сонирхолтой хэсгүүд болон У.Черчиллийн зээ охин Эмма Соамесийн дурдатгалыг “Telegraph”,”Daily mail” нийтэлснийг орчуулан хүргье.
Намайг мэндлэхэд эгч Диана 13, Сара найм, ах Рудольф 11 настай байсан юм. Хоолойн ангинаар өөд болсон Маргот амьд байсан бол дөрөвтэй байх байв. Би отгон нь учраас бараг л айлын ганц охин шиг өссөн. Марготын үхэл ээжид хүнд нөлөөлсөн тул намайг үеэл эгч Мариот Вайт хүн болгосон юм билээ. Мариотын хатуу зарчим, ёс суртахуун, бурханд итгэх сүсэг нь миний төлөвшилд тун ч их нөлөөлсөн юм. Аав маань орой бүр бидэнд үлгэр, ном уншиж өгдөг байсан нь хүүхэд насны хамгийн гайхамшигтай дурсамжийн нэг. Эртний Грек, Ромын үлгэрээс эхлээд Томас Макалей, Лорд Байрон, Уильям Шекспирийг аав цээжээрээ уншдаг байсан. Аав ээж хоёр биднийг язгууртны ёсоор өсгөсөн ч жирийн иргэд болон цэргийн амьдралын юу нь ч юм намайг соронзоддог байв. Өөрийнхөө зөв гэж бодсоныг л хийдэг зангаас болж намайг биеэ тоосон хэмээн нэрлэгчид ч бий.
Манай гэрийн хоолны ширээ улс төр, цэргийн армийн чухал асуудлын халуун цэг болох тохиолдол цөөнгүй. Тиймээс ч би багаасаа томчуудын харилцан яриа, дэлхий дахины үйл явдалд дурласан. Намайг 18 настайд аав Их Британийн усан цэргийн яамны лорд болсон тул манайх Лондон руу нүүв. Би Хатан хааны коллежид элсэж, Английн уран зохиол, түүх, франц хэлний хичээл давхар судалж байлаа. Түүнчлэн Улаан загалмайн нийгэмлэгт ажиллах болсон нь багын нэг мөрөөдлөө биелүүлсэн явдал байлаа. Үүнийг аав тун ч дэмждэг байв. Хэдийгээр дайны үед шөнийн цэнгээний газруудыг хориглоод байсан ч залуус ийгээд л хөгжилдөх арга яаж олно. Ажил, хичээлээ тарсны дараа найзуудтайгаа унтахаа ч мартан хөгжилдөнө. Шөнө болсон хойно гэртээ харьж, өглөө 5.30 цагт босоод цагаан даашинзаа өмсөж, сувдан бугуйвчаа зүүгээд л шинэ өдрийг эхлүүлнэ.
Ноён Чемберлэн огцорсны дараа аав Ерөнхий сайд боллоо. “Хэдэн зууныг элээсэн ч, гав ганцаараа болсон ч, хэзээ ч шантралгүй зөвхөн эх орныхоо төлөө зүтгэнэ” хэмээсэн тангаргийн үгийг сонсож байхдаа би ааваараа үгээр хэлэмгүй их бахархаж байсан юм. Би аавыгаа хайрлахын зэрэгцээ бахдан биширсээр ирсэн. Тэр бол Англи орны залуур төдийгүй миний хамгийн эрхэм хүн байв. Он жил улирахын хэрээр бидний дурсамжийн хуудас зузаарч, зарим хэсгийг мартах нь ч бий. Тэгвэл би өдрийн тэмдэглэл хөтөлдгийнхөө ачаар бүгдийг санадаг. Тэмдэглэлийн дэвтрээ би дахин эргүүлж байна. Нэгэн үдэшлэгийн үеэр танилцсан аятайхан залуу 1941 оны тавдугаар сард манайд ирж, гэрлэхийг гуйжээ. Тэр бол Бесбороугийн гүнгийн хүү Эрик Дункаонон байсан юм. “Би бүр яахаа мэдэхээ больчихоод байна. Нэг бол түүнд зөвшөөрмөөр, эсвэл дэмий ч юм шиг. Бурхан минь, би төөрөгдөлд орчихож” өдрийн тэмдэглэлдээ би ийн бичжээ.
Аав, ээж хоёулаа түүнд сайн ханддаг нь ч намайг эргэлзүүлж байлаа. Бид хэдийгээр сүй тавьсан ч зургаан сарын дараа түүнийгээ цуцалчихсан. Түүнтэй сүй тавьсан нь миний амьдралын хамгийн тэнэг алхмуудын нэг байсан. Харин бүх юм дууссан хойно бүгчим өрөөнд цэвэр агаар орох мэт уужирсан билээ. 1942 онд би Газар нутгийн туслах үйлчилгээний гар бууны хэлтэст ажиллах болсон юм. Удалгүй би офицер болж дэвшсэнээр үүрэг хариуцлага улам нэмэгдсэн. Учир нь би Уинстон Черчиллийн охин бус, Мэри Черчилл хэмээх бие хүн байх хэрэгтэй болсон. Тэгээд ч аавынхаа нэр хүндийг ашиглан албан тушаалын гишгүүр өгсөх нь миний бодлоор гутамшигт явдал. Тиймээс ч би байгаагаасаа илүү хүч гаргаж ажиллаж байв. Аав нэгэн захиандаа намайг “Дөнгөж 21-тэй гэхэд муугүй шүү” гэсэн нь ямар ч магтаалаас илүү санагдаж билээ.
1943 оны эхээр бичсэн нэгэн тэмдэглэлийн хэсэг: “Өдрийн хоолны дараа ээж бид хоёр аавын тухай ярилцангаа цэцэрлэгт хүрээлэнгээр алхлаа. Ойрд аавын бие муудаж буй нь титэм судас нь нарийссанаас болсон байж магадгүй. Энэ тухай аавд анхааруулах хэрэгтэй эсэх тухай бид ярилцлаа. Түүнд санаа тавих асуудал олон байгаа учраас сэтгэлийг нь дахин зовоох хэрэггүй. Харин эмчтэй зөвлөж эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй гэж бид бодлоо”. Аавыг холын аянд гарахгүй, тэр тусмаа онгоцонд суухгүй байхыг эмч зөвлөсөн. Гэтэл тэр нэгдүгээр сарын 12-нд Касабланкагийн уулзалтад оролцож, Франклин Рүзвелттэй уулзахаар Америк руу нисэх болов. Тэндээсээ шууд Турк, Ливийн Триполи руу ажлаар явсан. Хоёдугаар сарын 18-нд аав буцаж ирэхдээ бие нь улам муудсан байв. Тэр өдөр би “Энэ бүхэн арай төгсгөлийн эхлэл юм биш байгаа” хэмээн бичсэн нь тэмдэглэлийн дэвтрийн хуудсанд шарлан үлджээ. Хэсэг сувилуулсны дараа аавыг шинэ шинэ уулзалт, хэлэлцээрүүд хүлээж байлаа.
1943 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 2-ны хооронд Ираны Тегеранд Сталин, Рүзвелттэй уулзсаны дараа өвчин нь дахин хүндэрлээ. Түүнийг уушгины хатгаа авсан хэмээн оношилсон юм. Аавын биеийн байдлыг ээж байнга мэдээлж над руу захиа илгээж байсан. “Өнөөдөр аавын чинь бие харьцангуй дээрдлээ. Бид хоёр удаан тохиролцсоны үндсэнд тамхи татахаа больж, зөвхөн бага хэмтэй виски уухаар болсон” гэх буюу “Аавын чинь зөрүүд зан намайг ядрааж байна. Гэрээс гарч, ажилдаа ороод гэрээ, хэлэлцээр, уулзалтад явах гэж байж ядах юм. Бидний хийж чадах гол зүйл бол түүнийг биеэ нэгмөсөн эдгээж, сайн амрах хэрэгтэйг ойлгуулах явдал” гэсэн захиа ээжээс өдөр алгасахгүй ирнэ.
1944 оны нэгдүгээр сарын 22-нд аав өөрөө захиа ирүүлсэн юм. “Хонгор Мэри минь, өнгөрсөн шөнө бид сууж чиний илтгэлийг хальсаар сонссон. Дараа нь би урсах мэт зөөлөн, намуухан хөгжим сонсонгоо гүн бодолд автчихсан. Ийм хүнд хэцүү үед байж болох аз жаргалтай хормуудын нэг нь энэ. Зоригтой, хүчтэй, санаачилгатай байгаагаар чинь би бахархаж байна. Миний ухаантай охин! Хайрт аав нь. “Би өмнө нь хэзээ ч чин сэтгэлээсээ залбирч байгаагүй. Харин дайны өдрүүдэд аавын төлөө, Англи орны төлөө орой бүр өвдөг сөгдөн залбирдаг байлаа. Европ тив дэх ялалтын дараа улс орон даяар хоёр хоногийн баяр болсон юм. Тэр үед аав баярын жагсаалын магнайд явж, ард олон гар даллан баяр хүргэхийг харах үнэхээр сайхан байсан. Аав маань зөвхөн англичууд төдийгүй дэлхий нийтийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн тэр хэвээр мөнхөрчээ.
Б.Эгшиглэн