Афганистаны цэргийн бааз руу босогчид дайрсны улмаас 70 орчим хүн амиа алдсан тухай Өмнөд Пактика мужийн хэвлэлийн албанаас мэдэгдсэнийг “CNN” уламжлав. Босогчид их хэмжээний зэвсэг авч явсан тухай эх сурвалжид онцолсон байна. Уг цэргийн бааз нь Пакистаны хилтэй залгаа орших Пактика мужийн Бармал дүүрэгт байдаг, хоёр талаас хамтран хил хамгаалах зориулалттай аж.
Дайралтын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн хэн болохыг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна хэмээн Афганистаны сурвалжлагч Моклис мэдээлэв. Халдлагын үеэр НАТО-гийн цэргүүд болон Афганистаны энгийн иргэд шархдаагүй гэнэ. НАТО, Афганистаны Үндэсний аюулгүй байдлын албанынхан “Тэд бидэн рүү зөөврийн пуужин ашиглан дайрсан. Энэ үеэр хоёр барилга сүйдсэн” гэжээ.