УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр 56.6 хувийн ирцтэйгээр эхлүүлэв. Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. Энэ удаа Монгол Улсын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгчийн мэдээлэл, ҮАБЗ-ийн илтгэлийг хэлэлцэх юм. Мөн ээлжит чуулганы завсарлагааны үеэр цаг үеийн болон онцгой анхаарвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг, чиглэлээ дүгнэж, эдийн засгийн хямралт байдлыг даван туулах, үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улс орон, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжих ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэнэ. Үүнээс гадна Төрийн тэргүүний санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг холбогдох түр болон байнгын хороодоор ярилцах юм. Түүнчлэн ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хөдөө аж ахуйн чиглэлээрх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр түр хороо, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргахаар төлөвлөжээ. УИХ-ын дарга чуулганыг нээж үг хэлэхдээ хөрш орнуудын Гадаад харилцааны сайд нарын айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр УИХ, Засгийн газар, холбогдох яамд шуурхай ажиллах шаардлагатайг анхааруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Цэц 02 тоот тогтоол гаргаж, Үндсэн хуулийн 39.1 дэх заалтын хоёр дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбоотойгоор үүсэж буй эрх зүйн орчны асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байгаа нь анхаарал татаж буй. “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгосны хууль, эрх зүйн үр дагаврыг үнэлэн цэгнэж, яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдал үүссэнийг УИХ-ын дарга анхааруулаад, “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх тул УИХ-д хянан хэлэлцэх боломж Үндсэн хуулиар байхгүй, ийм эрх олгогдоогүй. Тиймээс үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар УИХ-ын гишүүд оюун ухаанаа дайчилж, олон нийт, эрдэмтэн судлаачидтайгаа зөвшилцөж, нухацтай хандах шаардлагатай боллоо” хэмээн онцлов. Мөн тэрбээр “УИХ-ын гишүүдийн тоо, гүйцэтгэх засаглалын чадамж, засаглалын хяналт тэнцэл, парламентын ардчиллыг төлөвшүүлэхтэй холбоотойгоор Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар үнэлгээ, судалгаа хийх тухайд үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан, “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлага гарч байна” гэлээ.
ҮАБЗ-ИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХААЛТТАЙ СОНСОВ
УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байх талаар тус хуулийн 69.4-т заасан байдаг. Түүнчлэн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд бий. Мөн “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд тов тодорхой заасан. Гэтэл Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа. Цэц Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй болохоос Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх байхгүй. Харин нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү УИХ-д бий. Тиймээс Цэцийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн, ард түмний төлөөлөл болсон УИХ-ын бүрэн эрх, Үндсэн хуульт байгуулалд халдсан үйлдэл болж, буруу жишиг тогтоолоо гэж зарим судлаач, түүний дотор Үндсэн хууль тогтоогчдын холбоо үзэж, эсэргүүцлээ илэрхийлж, саналаа албан ёсоор ирүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй” гээд “Цаашид Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа болсон Цэцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон УИХ ба Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хууль зүйн чадамжийн харьцаа, цаашилбал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлыг Цэцээр хянан хэлэлцэхэд агуулга, хэлбэр, хамрах хүрээ, зааг хязгаар, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг эргэн харж, боловсронгуй болгох ёстой болжээ. УИХ 1992 онд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 1997 онд баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний зэрэгцээ дээрх хуулиуд Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс тус бүр гурав, нийт зургаан удаа гаргаж байжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдгээр хуулийг шинэчлэн найруулаагүй бөгөөд Цэцийн гишүүнийг санал болгох, томилох үйл явц нь хаалттай, ил тод бус, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэргэжлийн бус хүнийг томилдог, олон нийтийн санал бодлыг сонсдоггүй гэх мэт шүүмж гарсаар ирсэн” гэв. Ташрамд дурдахад, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 22 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, гишүүн Ц.Мөнх-Оргил ахлан ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг төслөө ойрын үед УИХ-д өргөн барих шаардлагатайг УИХ-ын дарга анхааруулсан юм.
Ингээд ээлжит бус чуулганыг нээсний дараа үргэлжлүүлэн ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай хэлэлцэв. Дараа нь УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороод хуралдлаа.
Т.ДОРЖХАНД: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ
Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж, Үндсэн хуулийн цэцийн 02 тоот тогтоолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тэрбээр УИХ-ын гишүүн сайдаар ажиллах хязгаарлалтыг Цэц хүчингүй болгосон тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд парламентын гишүүдийн тоог нэмэх шаардлагатайг онцолсон юм. Эс бөгөөс одоо 76 гишүүнтэй парламентаас 16 нь Засгийн газарт сайдаар томилогдон, эрх мэдэл, засаглал хоорондын хяналт алдагдахыг анхааруулав. Улмаар тав хоног үргэлжлэх ээлжит бус чуулганаар сайд нарыг томилж, чөлөөлөн, Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүхэлд нь “давхар дээл”-тэй болгоод өнгөрөх бус, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад шаардлагатай алхмууд хийх ёстой гэв. Гишүүн Т.Доржханд “Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хэлэлцэх эрхгүй тул тогтоолд нь нийцүүлэн шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах ёстой. Цэц ардчилал, Үндсэн хуульт ёсны талд шийдвэрээ гаргасан” хэмээн онцолж байлаа.